Шүүгдэгч Э.Ган-Эрдэнийн өмгөөлөгч Б.Мэргэнээс тодрууллаа.
-Таны хувьд гадаадад яваа тул шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлт гаргасан. Ямар шалтгаанаар явсан бэ?
-Жилд ганц удаа хүүхдүүдийнхээ амралтыг тааруулаад 15 хоног амардаг шүү дээ. Жил бүр ийм хуваариар амраад үйлчлүүлэгчидтэйгээ тохироод явдаг. Тэрнийхээ дагуу явчхаад ирсэн.
-Шүүх хурал маргааш даа амжиж дуусахаар байна уу?
-Дуусчих байх гэж бодож байна. Хүмүүс яах юм бол.
-Шүүх хурал хэр удаашралтай, сунжралтай явж байна вэ?
-Сунжраагүй. Яг явдгаараа явж байна. Хэн нэгэн удаашруулсан, саатуулсан юм байхгүй.
-Э.Ган-Эрдэнийн хувьд өмнө нь хохирогч байсан. Одоо яллагчаар оролцож байгаа шүү дээ...
-Одоо ч хохирогч шүү дээ. Хохирогч, шүүгдэгч гээд хоёр статустай оролцоод явж байна.
-Та үүн дээр ямар байр суурьтай оролцож байна вэ?
-Хэрэгсэхгүй болгоно гэсэн байр суурьтай оролцож байна.
-Э.Ган-Эрдэнийг энэ хэрэгт холбоогүй хэмээн үзэж байна уу?
-Тийм итгэл үнэмшилтэй байгаа учраас оролцоод явж байгаа шүү дээ. Эрүүгийн хэрэг дээр өмгөөлж байгаа бол заавал хэрэгсэхгүй болгоно гэсэн зүйл байхгүй шүү дээ. Зарим тохиолдолд анхнаасаа гэм буруугаа хүлээгээд, хариуцлагаа хөнгөхөн байдлаар авах үр дүндээ хүрч байвал тэр хэрэг дээр амжилттай оролцсонд тооцоод явдаг. Тэрнээс улаан цайм гэмт хэрэг үйлдчихсэн хүнийг “би бол чадахгүй. Чаддаг хүмүүст нь ханд” гэдэг байр суурьтай байдаг. Зарим хүмүүс хэрэгсэхгүй болгох гэж явдаг л байх. Энэ удаад хэрэгсэхгүй болгоно гэсэн байр суурьтай байгаа учраас л оролцоод явж байгаа.
-Э.Ган-Эрдэнийг үнэ төлбөргүй өмгөөлж байгаа юу?
-Тийм. Анх энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг гээд шуугьсан шүү дээ. Тэр үед Э.Ган-Эрдэнэтэй ямар ч холбоогүй, надад хандаа ч үгүй байсан. Тэр үед би урьдчилсан хэлэлцүүлэг гэдэг ийм ийм учиртай гэж пост бичээд, хохирогчдын эрх ашгийг хурдан хамгаалмаар байгаа бол хурдан урьдчилсан хэлэлцүүлгээс буцаана гэдэг биш, хурдан шүүх рүү шилжүүлээд шийдэх нь илүү хохирогчдын эрх ашгийг хамгаална шүү дээ хэмээн хууль тайлбарлаж бичиж байсан.
-Олон нийтийн сүлжээнд буй дуу бичлэгийг нотлох баримтаар авсан уу. Өнөөдөр авна гэж байсан...
-Шүүх хурал дээр нотлох баримт мөн эсэх нь мэдэгдэхгүй зүйлийг нотлох баримтаар хэрэглээд аваад явна гэж байхгүй шүү дээ. Тэрийг нотлох баримтаар авахаар бол прокурор руу буцааж, шинжээч томилон нотлох баримт мөн эсэхийг тогтоож шинжилнэ.
Б.АМАРТҮВШИН








Нийгэм








