Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дундговь аймгийн Мандалговь хотод ажиллаж, иргэд, малчидтай уулзан, Тэмээчдийн улсын V зөвлөгөөнд оролцлоо.
Ерөнхийлөгч үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, улмаар экспортлогч орон болох зорилт дэвшүүлэн “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” зэрэг хөдөлгөөн өрнүүлж байна. Тухайлбал, “Цагаан алт” хөтөлбөр нь малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгох, боловсруулах үйлдвэр байгуулах, мал сүргийн ашиг шимийг бүрэн ашиглах, малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилготойг онцоллоо.
Өсвөр тэмээ, ингэний ноос нь ямааны ноолууртай дүйцэхүйц чанартай хэмээн үнэлэгдэж, дэлхийн зах зээлд тэмээний ноосон бүтээгдэхүүн өндөр үнээр борлогдож байгааг дурдав.
Ерөнхийлөгч Мандалговь хотноо болсон Тэмээчдийн улсын V зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ, мал маллах арга ухаан, мэдлэг, туршлагыг үеэс үед өвлөн, таван хошуу малынхаа ашиг шимийг арвижуулан өсгөж ирсэн малчдад, тэр дундаа тэмээчдэд ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Мөн "20 жилийн тэртээ манай улс 254 мянган тэмээтэй байсан бол өдгөө тоо толгой нь хоёр дахин өсөж 501 мянгад хүрсэн нь малчид, тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн" гэсэн юм.
Тэмээчдийн зөвлөгөөнөөр “Тэмээн соёлыг хадгалах, хамгаалах бодлого, үйл ажиллагаа”, “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөө, бодлого, арга хэмжээ”, “Соёлын өвийг хамгаалах бодлого ба тэмээний соёл”, “Дэлхийд ховордсон монгол тэмээ, түүний үнэлэмжийг дээшлүүлэх нь” сэдвээр илтгэл хэлэлцсэн байна.
Улсын хэмжээнд 19 тэмээчин Хөдөлмөрийн баатар цол хүртсэн.
Дэлхийд хоёр сая гаруй хос бөхт тэмээ байдгийн 500 мянга буюу дөрөвний нэг нь манай улсад байдаг.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм








