Украины орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр Орос улс энэ оны эхнээс хойших хамгийн том шөнийн агаарын дайралтыг Украинд хийсэн байна. Энэ нь Украин, Орос, АНУ-ын төлөөлөгчид дайны эхлэлээс хойш анх удаа гурван талт хэлэлцээ хийснээс хэдхэн цагийн дараа болжээ.
Украин, Орос, АНУ-ын хооронд хоёр өдөр үргэлжилсэн гурван талт хэлэлцээ Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод болж өндөрлөсөн талаар Украины төлөөлөгчид болон Оросын төрийн хэвлэл мэдээллүүд мэдээлэв.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский уг хэлэлцээг “бүтэмжтэй” болсон хэмээн үнэлж, дараагийн уулзалтууд ирэх долоо хоногт ч болж магадгүй гэж мэдэгдлээ. Хэлэлцээний гол төв нь дайныг дуусгах боломжит нөхцөлүүд байсан бөгөөд АНУ-ын тал эдгээр нөхцөлүүдийг болон тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардагдах аюулгүй байдлыг албан ёсоор баталгаажуулах санал дэвшүүлсэн гэв.
Хоёр шатны хэлэлцээний хооронд Украины нийслэл Киев хот руу пуужин, дроны халдлага хийсэн тухай Украины Агаарын алба мэдээлж, агаарын довтолгооноос хамгаалах системүүдийг ажиллуулсан байна.
Киев хотын захирагч Виталий Кличкогийн мэдээлснээр халдлагын улмаас нэг хүн амиа алдаж, дөрвөн хүн шархадсан байна. Гал түймэр гарч, барилгууд нурсан бөгөөд ойролцоогоор 6,000 орон сууц дулаангүй болж, хотын зарим хэсэгт хэрэглээний ус тасарсан байна.
Украины хоёр дахь том хот болох зүүн хойд хэсгийн Харьков хот мөн халдлагад өртөж, амаржих газар болон нүүлгэн шилжүүлсэн иргэдийн түр хорогдох байрыг сүйтгэсэн тухай хотын дарга Игорь Терехов мэдээлжээ. Нийт 19 хүн шархадсаны дотор нэг хүүхэд багтаж байна.
Украины Ерөнхийлөгч Зеленский “Орос улс нэг шөнийн дотор 370 гаруй дрон, 21 пуужин харвасан бөгөөд Сумы, Чернигов зэрэг хотууд мөн өртсөн. Энэхүү дайралт нь өвлийн хүйтэнд онцгой чухал ач холбогдолтой эрчим хүчний салбарыг голчлон онилсон” гэжээ.
Эдгээр халдлага нь хоёр улсын төлөөлөгчид АНУ-ын төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээний эхний өдрөө дуусгасны дараахан болсон юм.
ТАСС агентлагийн мэдээлснээр, хэлэлцээний гол маргаантай асуудал нь газар нутгийн асуудал хэвээр байна.
Трампын засаг захиргаа Украиныг энхийн гэрээг хүлээн зөвшөөрөхөд шахалт үзүүлж байгаа бөгөөд ийм тохиролцоо Оросын талд ашигтай байж болзошгүй гэсэн өргөн хүрээний болгоомжлол байсаар байна.
Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс хойш 4 жилийн дараа Орос улс олон улсын эрх зүйн дагуу Украины бүрэн эрхт нутаг дэвсгэрийн ойролцоогоор 20 хувийг эзлэн түрэмгийлсэн хэвээр байна. Үүнд Луганск мужийн бараг бүх хэсэг, мөн Донецк, Херсон, Запорожье мужийн зарим хэсгүүд багтаж байна.
|
Эх сурвалж
| CNN
|
Б.ЭНХЗАЯА








Нийгэм








