Монгол Улсын Их Хурал болон Засгийн газраас иргэн бүр Үндсэн хуульд заасан иргэний болон эдийн засгийн, улс төрийн эрхээ баталгаатай эдлэх эрх зүйн эрүүл орчныг бүрдүүлэх зорилгоор “Чөлөөлье” санаачилгыг дэвшүүлэн хэрэгжүүлж эхлээд байна.
Энэхүү санаачилгын хүрээнд хуулиас давсан зохицуулалт бүхий дүрэм, журмуудад дүн шинжилгээ хийж, авилга, хүнд суртал, дур зорго үүсгэх, хүний эрхэд халдах шалтгаан, нөхцөлийг бүрдүүлж байгаа, хуулиар журам батлах эрх олгосон зарим зохицуулалтаас татгалзаж цэгцлэх, холбогдох зохицуулалтыг хуульд тусгах, хуульд нийцээгүй дүрэм, журмыг хүчингүй болгох асуудалд онцгой анхаарч байна.
Тухайлбал, “Захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2025 оны 206 дугаар тогтоолд захиргааны хэм хэмжээний актыг хуульд нийцүүлэх, хуулиар тогтоосон хязгаарлалтаас гадуур хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл, боломжийг арилгах, бизнесийн үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан.
Үүний нэг жишээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам шинэчлэн батлах тухай” Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08/06 дугаар тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу хянаж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлд бүртгэлгүй буцаан, зарим зөрчлийг арилгахыг чиглэл болголоо.
Ингэхдээ зөвшөөрлийн шинжтэй бүртгэл, гэрчилгээ, эрх олгох, “бүртгэл” нэрээр бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд зөвшөөрөл олгохтой адил үе шатыг бүрдүүлж, хуулиас давсан дүрэм, журам батлахгүй байх, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт батлахдаа Зөвшөөрлийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заагаагүй нэмэлт зөвшөөрөл, үе шат бий болгохгүй, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг үндэслэлгүйгээр хязгаарлахгүй байхыг анхаарууллаа.
Мөн төрийн хэт оролцоо нь эдийн засгийн хүндрэлийн нэг шалтгаан болдгийг онцолж, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид, хууль тогтоогчид хамтран эдийн засгийн эрх чөлөөг хамгаалж ажиллах шаардлагатайг зөвлөсөн байна.
АДМИН







Нийгэм








