Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас 2025 оныг түүхэнд бүртгэгдсэн хамгийн дулаан гурван жилийн нэг болсныг албан ёсоор баталлаа. Найман өөр эх сурвалжийн өгөгдөлд тулгуурласан нэгдсэн шинжилгээгээр дэлхийн дундаж гадаргын температур аж үйлдвэржилтийн өмнөх үе (1850–1900 он)-ийн дунджаас 1.44°C-аар (±0.13°C) дулаарсан нь тогтоогджээ.
Судалгаанд ашигласан найман өгөгдлийн цувааны хоёр нь 2025 оныг 176 жилийн хэмжилтийн түүхэн дэх хоёр дахь хамгийн дулаан жил, харин үлдсэн зургаа нь гурав дахь хамгийн дулаан жил гэж ангилсан байна. Энэ нь дэлхийн дулаарал түр зуурын бус, тогтвортой үргэлжилж буйг илтгэж буйг мэргэжилтнүүд онцолжээ.
Мөн 2023–2025 онууд бүх найман өгөгдлийн цуваанд хамгийн дулаан гурван жил болж бүртгэгдсэн бол эдгээр гурван жилийн дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үеэс 1.48°C-аар (±0.13°C) өндөр гарсан байна. Үүнээс гадна сүүлийн 11 жил дараалан (2015–2025) дэлхийн түүхэн дэх хамгийн дулаан жилүүдэд тооцогдсон нь уур амьсгалын өөрчлөлт хурдтай эрчимжиж буйг харуулж байна.
ДЦУБ-ын дүгнэлт нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө бодитоор мэдрэгдэж, байгаль орчин, нийгэм, эдийн засагт үзүүлэх эрсдэл улам нэмэгдэж байгааг анхааруулж буй чухал дохио хэмээн Байгаль орчин, уур амьсгалын яамнаас мэдээллээ.
Б.АМАРТҮВШИН








Нийгэм









