Dark Light
Нийгэм | 2026-02-02

БУСДЫН АМЬДРАЛААР ӨӨРИЙГӨӨ ХЭМЖИХҮЙ

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

Бусдын амьдралаар өөрийгөө хэмжих донтолт гэж байдаг уу?

Өглөө нүдээ нээмэгц гар утас руугаа гараа сунгах тэр мөчөөс бид нэг зүйлийг өөрийн мэдэлгүй эхлүүлдэг. Бусдын амьдралыг харж, өөрийнхтэйгөө жишнэ. Тэр амжилттай ажилд оржээ, тэр гадаадад аялж байна, тэр аз жаргалтай хосын зургаа инээмсэглэн хуваалцжээ гээд л харна. Харин энэ бүхний цаана “би хаана явна вэ?” гэсэн асуулт чимээгүйхэн толгойд хөвөрнө.

Харьцуулах гэдэг анхандаа энгийн, урам авах, өөрийгөө хөгжүүлэх нэг хэлбэр шиг санагдана. Гэвч энэ нь аажмаар дадал болж, донтолт болон хувирч, өөрийгөө голох, дутуу үнэлэх, сэтгэл ханамжгүй, эрч хүчгүй амьдралын эхлэл болдог. Сошиал орчин энэ өвчнийг хамгийн хурдан тараагч орчин, хөрс. Бид бодит амьдралыг биш, зөвхөн гоёор харуулсан мөчүүдийг л хардаг. Амжилтын ард байдаг шантрал, нулимс, эргэлзээ харагддаггүй. Гэтэл бид өөрсдийн бодит, алдаа оноотой амьдралыг бусдын төгс харагдах хэсэгтэй харьцуулсаар л байдаг.

Ялангуяа залуу насанд энэ мэдрэмж хүчтэй, хурц байдаг байх. Нэг нь 22-тойдоо бизнес эхлүүлжээ, нөгөө нь байр машинтай болжээ, мэргэжлээрээ гадаадад явж байхыг хараад “би хоцроод байна уу даа” гэх бодол төрнө.Үнэндээ хүн бүрийн эхлэх цэг, боломж өөр. Гэвч харьцуулах өвчин бодит үнэнийг үгүйсгэдэг. Энэ өвчний хамгийн аюултай нь гаднаасаа огт харагддаггүйд оршдог. Дотроо өөрийгөө үргэлж шүүж, хангалтгүй мэт мэдэрч явдаг. Сүүлдээ амжилт ч амтгүй, баяр баясал ч хоосон санагдаж эхэлнэ.

Харьцуулах өвчин зөвхөн хувь хүнд бус, нийгэмд ч нөлөөлдөг. Бид бусдын амьдралыг шүүмжилж, өөрийнхийгөө дорд үзэх тусам атаархал, бухимдал нэмэгддэг. Мэдээж харьцуулахыг бүр мөсөн зогсоох боломжгүй. Харин юутай, хэнийг харьцуулж байгаагаа ухамсарлах нь л чухал. Өчигдрийн өөртэйгөө өнөөдрийн өөрийгөө харьцуулах, ахиц дэвшлээ анзаарах нь эрүүл харьцуулалт юм. Харин бусдын амьдралаар өөрийн үнэ цэнийг хэмжих нь өөрийгөө алдахад хүргэнэ. Сошиал орчноос түр холдох, бодит амьдралдаа анхаарах, өөрийн зорилгоо тодорхойлох нь энэ өвчнөөс сэргийлэх эхний алхам. Хүн бүр өөрийн цаг хугацаатай. Хоцорсон хүн гэж байдаггүй, зүгээр л өөр өөр замаар явж буй хүмүүс л бий.

Харьцуулах өвчин биднээс аз жаргалыг хулгайлдаг. Харин өөрийн амьдралыг хүлээн зөвшөөрч, өөрийн хурдаар урагшлах нь жинхэнэ тайвшралыг авчирна. Бусдын амьдралд биш, өөрийнхөө замд анхаарах зориг бол хүний үнэт чадвар юм. Амжилт хүсье.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07