Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачаалал оргил үедээ дээд цэгтээ хүрч, хотын хойд бүс болох Зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай, улмаар Сүхбаатарын талбайгаас Яармагийн бүс буюу Архивын ерөнхий газар чиглэлд зорчиход иргэд дунджаар 2-3 цаг зарцуулж байна. Судалгаагаар энэхүү нөхцөл байдал цаашид үргэлжилбэл 2030 он гэхэд хотын автомашины дундаж хурд ердөө 5 км/цагт хүрэхийг тогтоожээ.
Иймээс замын түгжрэлийг бодитой бууруулж, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, нийтийн тээврийн шинэ шийдлийг нэвтрүүлэх зорилгоор “Нийтийн тээврийн Улаанбаатар трам (хөнгөн галт тэрэг-LRT)” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Одоогийн байдлаар төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Төслийн хүрээнд трамвайн хоёр шугамыг төлөвлөсөн. Нэгдүгээр шугам нь Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай хүртэл 11 км урттай, нийт 16 зогсоолтой байх бол хоёрдугаар шугам нь Сүхбаатарын талбайгаас Архивын ерөнхий газар хүртэл 15 км урттай, 23 зогсоолтой байна.
“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 29 минут, Сүхбаатарын талбайгаас Яармагийн бүс чиглэлд 37 минут зорчих боломж бүрдэх юм. Урьдчилсан тооцооллоор замын хөдөлгөөнд зарцуулах хугацааны зардлыг хоёр чиглэлд нийлбэр дүнгээр өдөрт 99.22 сая ам.доллароор буюу өнөөгийн ханшаар 353 тэрбум төгрөгтэй тэнцэх дүнг, мөн жилд 101 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц шатахууны зардлыг бууруулах эдийн засгийн өндөр үр ашигтай гэсэн тооцоолол гарсан.

Түүнчлэн хотын төвийн авто замын ачааллыг бууруулж, иргэдийн өдөр тутмын зорчих хугацааг хэмнэхийн зэрэгцээ нийтийн тээврийн найдвартай, тогтвортой сүлжээг бүрдүүлэх ач холбогдолтой. Мөн эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй нийтийн тээврийн хэрэгслийн шийдлийг Улаанбаатар хотод нэвтрүүлснээр агаарын бохирдол, дуу чимээний сөрөг нөлөөг бууруулах бодит нөхцөл бүрдэхээр байна.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм








