Dark Light
Нийгэм | 2026-02-03

2030 ОН ГЭХЭД ДОТООДЫН ГАНГИЙН ХЭРЭГЛЭЭ 1.7 САЯ ТОННД ХҮРНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 56 болон 152 дугаар захирамжаар байгуулагдсан "Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах бэлтгэл хангах" үүрэг бүхий ажлын хэсгийн II хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаар гангийн үйлдвэрийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-тэй танилцаж, олон улсын стратегийн хөрөнгө оруулагч, түншлэгчийг сонгон шалгаруулах төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
Гангийн үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ-г “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Үйлдвэрлэл, технологи, төсөл хөгжүүлэлтийн газрын менежер Г.Ганхуяг танилцуулав. Тэрбээр 2025 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улс нэг сая тонн ган бүтээгдэхүүн импортолсон бөгөөд 2030 он гэхэд дотоодын гангийн хэрэглээ 1.7 сая тоннд хүрэх төлөвтэй байгааг онцоллоо. Үүний үндсэн дээр жилд нэг сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай гангийн үйлдвэрийн цогцолбор байгуулах тооцоолол хийсэн бөгөөд үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын гангийн хэрэгцээний 60–70 хувийг хангах боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн арматур, ган бөмбөлөг, ган бэлдцийн зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрээс хангах нөхцөл бүрдэнэ гэв.
Хуралдааны үеэр Сайд Г.Дамдинням “Одоогоор урьдчилсан ТЭЗҮ гэхээс илүү техникийн даалгаврын шатанд явж байна. Зөвхөн дотоодын хэрэглээнд тулгуурласан бус, экспортод чиглэсэн бодлоготойгоор гангийн үйлдвэрийг хөгжүүлэх шаардлагатай. Монголд үйлдвэрлэсэн ган Европын зах зээлд 10 хоногт хүрэх боломжтой бол БНХАУ-д үйлдвэрлэсэн ган 60 хоногт хүрдэг нь манай улсын давуу тал” хэмээн онцоллоо.
Мөн тэрбээр өндөр чанарын гангийн үйлдвэрлэл нь борлуулалтын эрсдэл багатай бөгөөд автомашин үйлдвэрлэл, салхин сэнс, өрөмдлөгийн тусгай ган зэрэг чиглэлд экспортлох боломжтойг дурдав.
Монгол Улс гангийн үйлдвэртэй болох олон жилийн зорилго бодит хэрэгжилтийн шатанд орж, олон улсын нээлттэй тендер зарлах бэлтгэл ажил хангагдсаныг хэлсэн үгэндээ онцоллоо.
Төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлд тусгаснаар нийт 806 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар ган үйлдвэрлэлийн цогцолборыг барьж байгуулан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Төсөл хэрэгжсэнээр жилд 1.0 сая тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Үүнд:
Арматур – 500 мянган тн
Ган бэлдэц – 400 мянган тн
Ган бөмбөлөг – 100 мянган тн
Жилд 850 мянган тн коксжих нүүрс боловсруулж, 600 мянган тн металлургийн кокс үйлдвэрлэнэ.
60 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, өөрийн хэрэгцээний тодорхой хувийг хангахаар тооцож байна. Ингэснээр дотоодын ган бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангах, улмаар ган боловсруулах дагалдах үйлдвэрүүдийг хөгжүүлэх боломж бүрдэнэ гэдгийг ажлын хэсгийн гишүүд дурдав.

Эх сурвалж | Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07