Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны хоёрдугаар сарын 4-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов
Концессын “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжиж байгаа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай авто зам төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчим эрчимжүүлж, концессын гэрээний хугацааг өөрчлөлгүй 2026 оны есдүгээр сард багтаан ашиглалтад оруулахыг холбогдох албан тушаалтнуудад Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.
Концесс эзэмшигч “Тал нутгийн хөгжлийн зам” ХХК төслийн ажлыг гэрээний хугацаанд бүрэн дуусгаж, ашиглалтад оруулаагүй тохиолдолд концессын гэрээг цуцлах асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ гэдгийг анхаарууллаа.
Засгийн газрын 2018 оны 229 дүгээр тогтоолоор эрх олгосны дагуу Үндэсний хөгжлийн газар “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай авто зам төсөл”-ийн концессын гэрээг “Тал нутгийн хөгжлийн зам” ХХК-тай 2019 оны гуравдугаар сард байгуулжээ.

Хөшигийн хөндийд оффисын зориулалттай барилга барьж, авто зогсоолыг өргөтгөнө
“Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежмент төсөл”-ийн концессын гэрээнд шинэ оффисын зориулалттай барилга барих болон нисэх буудлын авто зогсоолыг өргөтгөхтэй холбогдуулан нэмэлт оруулахыг дэмжлээ.
"Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийн “хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” төрлийн концессын гэрээг 2019 оны долдугаар сарын 05-нд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Үндэсний хөгжлийн газар болон “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК хооронд байгуулсан.
Тус компаниас Нисэх буудлын концессын талбайд оффисын зориулалтаар ашиглах барилга барих, авто зогсоолыг баруун болон зүүн тийш өргөтгөл хийж, 250 орчим авто зогсоол нэмж байгуулах санал ирүүлжээ.
Агаарын тээвэрлэгчдийн тоо жил бүр нэмэгдэж, агаарын тээвэрлэгчдэд оффисын зай талбай зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд зорчигч үйлчилгээний барилгын оффисын өрөөнүүдийг бүрэн түрээсэлж дуусжээ.
Ойрын хугацаанд шинээр оффисын барилга барих мөн угтан авагч, үдэн гаргагч нарын тоо нэмэгдэж нисэх буудлын авто зогсоолын хүчин чадал хүрэлцэхгүйд хүрч, баруун болон зүүн тийш өргөтгөх шаардлага үүссэн байна.
Концесс эзэмшигч өөрийн эрх, үүргийн хүрээнд концессын зүйлийг ашиглаж олсон орлого нэмэгдсэнээр улсын төсөвт төвлөрүүлэх концессын төлбөр нэмэгдэх бөгөөд мөн үйлчилгээний чанар хүртээмж сайжирна гэж үзжээ.

“Малын индексжүүлсэн даатгалын нэгдүгээр босго үзүүлэлтийг таван хувь болгож буурууллаа
Малын индексжүүлсэн даатгалын тохиолдлыг тодорхойлох, эрсдэлийг хуваарилах зорилгоор 2026-2028 онд мөрдөх “Малын индексжүүлсэн даатгалын босго үзүүлэлт”-ийг шинэчлэн тогтоолоо.
Даатгалын босго үзүүлэлтийг тогтоохдоо том малын хорогдлын статистик мэдээлэлд актуар тооцоолол хийж, тухайн босго үзүүлэлтийг давах магадлалыг тооцон, гурван жил тутамд шинэчлэн тогтоодог.
Монгол Улсын Засгийн газраас Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан 2025 оны нэгдүгээр сард УИХ-д өргөн мэдүүлж, 2025 оны арван хоёрдугаар сард баталсан. Тус өөрчлөлтөөр даатгалын нэгдүгээр босго үзүүлэлт зургаан хувь байсныг тав хувь болгож бууруулсан. Хуульд заасан босгын шаардлага буурсантай холбогдуулан Засгийн газраас өмнө тогтоосон хувийг өөрчлөн тогтоох шаардлага үүссэн бөгөөд актуар тооцооллын дагуу шинэчилж баталлаа.
Малчдын амьдралын баталгаа болсон мал сүргийг зуд болон бусад гэнэтийн эрсдэлээс хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран Малын индексжүүлсэн даатгал төслийг 2005-2014 онд амжилттай хэрэгжүүлж, УИХ-аас Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг 2014 онд баталсан. Тус хуулиар малын индексжүүлсэн даатгалын болон дотоодын давхар даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, индексжүүлсэн даатгалын эрсдэлийг хуваарилах, нөхөн төлбөр олгох, даатгуулагч малчны эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулж ирсэн бөгөөд даатгалын үйл ажиллагааг улсын хэмжээнд “Үндэсний давхар даатгал” ХК хариуцан ажиллаж байна.
Төрийн байгууллагын үйл ажиллагааг илүү нээлттэй, хяналттай болгоно
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод, хяналттай болгох зорилгоор “Цахим хуудас хөтлөх, ил тод, нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж нийтлэх, шинэчлэх, хяналт тавих нийтлэг журам”, “Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлт тогтоох, үнэлгээ хийх журам”-ыг шинэчлэн баталлаа.
Засгийн газраас төрийн байгууллага бүр тусдаа цахим хуудас хөгжүүлэх зардлыг бууруулах, иргэд нэг эх сурвалжаас мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх зорилгоор төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас (gov.mn)-ийг нэвтрүүлсэн. Уг нэгдсэн цахим хуудсаар дамжуулан мэдээлэл төрийн байгууллагууд хууль заасан нээлттэй мэдээллийг ил тод байршуулж байгаа эсэхэд хяналт тавих, үнэлэх үйл ажиллагааг нээлттэй мэдээллийн shilen.gov.mn систем-тэй уялдуулан хэрэгжүүлж, төрийн байгууллагуудын ил тод байдлыг “Шилэн индекс”-ээр үнэлж байна.
Эдгээр журмаар төрийн байгууллагын цахим хуудсыг хөтлөх нэгдсэн стандарт тогтоох, мэдээллийн аюулгүй байдал, хяналтын механизмыг тодорхой болгох, ил тод байдлын үнэлгээг цахим, автоматжуулсан хэлбэрт шилжүүлэх, иргэдийн мэдээлэл хайх, авах эрхийг бодитоор хангах нөхцөлийг бүрдүүлэх зохицуулалтыг тусгасан бөгөөд эдгээр журмыг хэрэгжүүлснээр төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналт сайжирч, ил тод, нээлттэй, шуурхай засаглалын суурь бэхжих юм.

Импортлох, экспортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдалд хяналт тавина
Импортлох, экспортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдалд хяналт тавих журмыг журмын төслийг хэлэлцэн баталлаа.
Журам батлагдсанаар импортлох, экспортлох согтууруулах ундаанд тавих чанар, аюулгүй байдлын шаардлага тодорхой болж, хил дээрх хяналт, дээжлэлт, шинжилгээ, мэдээлэл солилцооны уялдаа сайжирч, давхардал буурч, хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үр нөлөө нэмэгдэнэ гэж үзэж байна.
Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэ
Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч Ринчиний Чойномын мэндэлсний 90 жилийн ойг 2026 онд тэмдэглэнэ. Ойн арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө батлан хэрэгжүүлэхийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам даалгалаа.
Яруу найрагч Р.Чойномын алдар нэрийг сэргээн, алдаршуулж мөнхжүүлэх ажил 1990-ээд оноос өрнөж, түүний зохиосон шүлгийн түүврийг эмхэтгэн “Сүмтэй будрын чулуу” нэрээр хэвлэж, түүнээс хойш “Хориотой модны жимс”, “Буриад найраглал”, орос хэлнээс орчуулсан “Кавказ бүсгүй” зэрэг ном бүтээлийг хэвлүүлж олон нийтэд түгээжээ. Мөн түүний өв санг хадгалж хамгаалах, сурталчлах зорилготой “Өд сан” байгуулагдаж, оюутан залуучуудын дунд “Сүмтэй будрын чулуу” яруу найргийн наадам зохион байгуулагдаж, жил бүрийн “Болор цом” яруу найргийн наадмын үеэр нэрэмжит шагнал гардуулж байна.
Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг дэлхийн дуурийн шилдэг дуучин, Ардын жүжигчин Э.Амартүвшинд олгоно
Засгийн газрын 2022 оны 260 дугаар тогтоолоор “Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахад онцгой амжилт гаргасан иргэн, баг, хамтлагт Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгох журам”-ыг баталсан. Ерөнхий сайдын 2026 оны нэрэмжит шагналыг дэлхийн дуурийн шилдэг дуучин, Монгол Улсын Ардын жүжигчин Энхбатын Амартүвшинд олгохоор шийдвэрлэлээ. Шагналд олгох 200 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.
Энхбатын Амартүвшин нь 2009-2016 онд Дуурь бүжгийн эрдмийн театрт дуучнаар ажиллаж, одоо Бүгд Найрамдах Итали Улсад ажиллаж, уран бүтээлээ туурвиж байна.
Э.Амартүвшин дэлхийн сонгодог урлагийн дээжис болох “Кармен”, “Травиата”, “Риголетто”, “Евгений Онегин”, “Тоска”, “Айда”, “Троваторе” зэрэг алдартай дуурийн гол болон туслах дүрд амжилттай тоглож, дуурийн урлагийн гайхамшгийг Итали, Франц, Герман, Австри, Испани, Орос, Япон, Сингапур, Англи, Бельги, Америк, Унгар, Болгар, Хятад зэрэг дэлхийн олон орны томоохон театрын тайзнаас үзэгч олонд дуурсган толилуулж буй дэлхийн шилдэг баритон юм.
АДМИН








Нийгэм







