Сүүлийн жилүүдэд аялал жуулчлал эрчимтэй хөгжиж, эдийн засаг, соёлын салбарт чухал нөлөө үзүүлж байна. Үзэсгэлэнт байгаль, нүүдэлчдийн өв соёл, түүхэн дурсгалт газрууд олон улсын жуулчдын сонирхлыг татсаар байна.
Статистик үзүүлэлтээс харахад 2024 онд Монголд 389,451 жуулчин ирж байсан бол 2025 онд 417,935 болж өсжээ.
Монголын аялал жуулчлалын гол давуу тал нь байгалийн онгон төрх ба соёлын өв юм. Уудам тал, уулс, нуурууд, говь цөл болон цэлмэг тэнгэр жуулчдын сонирхлыг татдаг. Мөн Монголын нүүдлийн соёл, уламжлал, гэр, морь, цагаан идээ зэрэг нь гадаадын жуулчдад өвөрмөц санагддаг байна.
Америкийн алдарт стриймэр IShowSpeed нь 2025 оны Азийн аяллынхаа хүрээнд Монгол Улсад зочилсон. Тэрээр Монголын нийслэл Улаанбаатарын төв талбай дээрээс монгол дээл өмсөн шууд дамжуулалт хийж, Чингис хааны музей болон бусад соёлын газруудад очсон билээ. Түүний Монголд хийсэн шууд дамжуулалтыг 7 сая 300 гаруй хүн үзжээ. Энэхүү үйл явдал нь Монгол орон, түүний өв соёлын талаар дэлхий дахинд эерэг хандлага үүсгэсэн юм.

Мөн Netflix ийн Physical: Asia буюу Азийн олон улсын хэмжээний реалити шоунд Монголын баг тамирчид оролцсон. Уг шоунд 8 улс орны 48 оролцогч тус тусынхаа хүч, тэсвэр тэвчээрийг сорьж өрсөлдсөн бөгөөд Монголын багийн ахлагч, улсын арслан Б. Орхонбаяр зэрэг тамирчид дэлхий дахинд Монголын уламжлалт бөх, спортын ур чадвар, соёлын онцлогоо таниулж чадсан.

Уг шоуны дараа “Physical: Welcome to Mongolia” цуврал хийгдсэн. Уг цуврал нь Монголын аялал жуулчлалыг дэлхий дахинд сурталчлах боломжийг олгосон юм. Physical: Asia-д оролцогчид болох Австралийн Eddie Williams нар Монголд ирээд Монгол хоол, уламжлалт зан заншил, байгалийн үзэсгэлэнг өөрсдийн нийгмийн сүлжээгээр дамжуулан олон сая хүнд хүргэсэн нь мөн аялал жуулчлалын салбарт эерэг нөлөө үзүүлж байна.

Эдгээр олон улсын алдартнууд Монголд ирсэн нь зөвхөн соёлын солилцоо төдийгүй аялал жуулчлалын салбарт том хувь нэмэр орууллаа. Ирээдүйд аялал жуулчлалыг тогтвортой, байгаль орчныг хамгаалсан байдлаар хөгжүүлснээр Монгол Улс дэлхийн жуулчдын анхаарлыг татсан үнэ цэнтэй, тогтвортой салбар бий болгох боломжтой юм.
Б.ЭНХЗАЯА








Нийгэм







