Гаалийн ерөнхий газрын даргын баталсан зорчигчийн хувийн хэрэглээний журамд зааснаар Монгол Улсын хилээр нэвтрэхдээ иргэд хувийн хэрэглээний зориулалтаар тодорхой хэмжээний архи, согтууруулах ундааг авч нэвтрүүлэх боломжтой байна. Тодруулбал, нэг зорчигч 2 литр архи, 2 литр дарс, шар айрагны зүйл 3 литрийг монгол улсын хилээр нэвтрэхдээ зорчигчийн хувийн хэрэглээний журмаар авч орж болох юм.
Харин журам зөрчиж, хууль бусаар согтууруулах ундааг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлүүдийг гаалийн байгууллага таслан зогсоосоор байна. Тухайлбал, 2026 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр Замын-Үүд гаалийн газрын авто замын шалган нэвтрүүлэх цогцолбороор дамжуулан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 202,863 ширхэг онцгой албан татварын тэмдэгтийг илрүүлж, хураан авч, холбогдох материалыг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
Мөн гаалийн байгууллагаас иргэдэд хандан АНУ, БНСУ, БНХАУ, БНТУ зэрэг улсуудаас фэйсбүүк, инстаграм болон бусад цахим худалдааны платформоор дамжуулан гарал үүсэл тодорхойгүй, татварын болон гаалийн зөрчилтэй, хууль бусаар улсын хилээр орж ирсэн байж болзошгүй архи, согтууруулах ундааны бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг анхааруулж, зөвлөж байна.
Хууль ёсны худалдаа, хэрэглээг дэмжиж, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах нь төрийн байгууллагын төдийгүй иргэн бүрийн хамтын хариуцлага гэдгийг гаалийн байгууллага онцолжээ.
Б.АМАРТҮВШИН








Нийгэм








