Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын харьяа Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 110 дугаар ангийг төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, хошууч генерал Дамбын Бавуу агсны нэрэмжит болгох ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа. Уг ёслолын ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба нар оролцож, Засгийн газрын тогтоолыг ангийн удирдлагад гардуулан өглөө.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 169 дүгээр тогтоолоор дээрх шийдвэр гарсан юм. Хошууч генерал Д.Бавуу нь Барилгын цэргийн ерөнхий газрын даргаар олон жил үр бүтээлтэй ажиллаж, Дархан, Эрдэнэт хотуудыг бүтээн байгуулах, улс орны хөгжил цэцэглэлтийн олон чухал төслийг удирдан зохион байгуулж ажилласан төдийгүй БНМАУ-ын Ардын Их хурлын депутат, төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтнүүдийн нэг байсан юм.
Хошууч генерал Д.Бавуу агсны хүү Б.Зоригт ёслолын ажиллагаанд оролцож хэлсэн үгэндээ аавынх нь байгуулсан гавьяаг үнэлж, нэрэмжит болгон алдаршуулж байгаад Монгол Улсын Төр засаг, ард түмэн, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагад талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүслээ.
Тус ангийн хамт олон Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн онд Сэлэнгэ аймгийн Сант суманд шилжин байрлаж сургуулийн зориулалтаар ашиглагдаж байгаад орхигдсон 5 цогцолбор барилга байгууламжид их засварыг богино хугацаанд чанартай хийж гүйцэтгэн энэхүү баярт үйл явдалтай хамтатган нээлтийн ажиллагааг зохион байгууллаа.
Ийнхүү өргөсөн тангарагтаа үнэнч байж эх орныхоо төлөө зүтгэн тэмцэж явсан ахмад үеийнхний алдар гавьяаг мөнхлөн дурсаж, залуу үеийнхэнд бахархал, үлгэр дуурайлал болгон алдаршууллаа.
|
Эх сурвалж
| Зэвсэгт хүчний Жанжин штаб
|
АДМИН








Нийгэм






