Сэлэнгэ аймгийн ногоочид УИХ-ын гишүүн Лу.Гантөмөрийн хэвлэлд өгсөн ярилцлагатай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Сэлэнгэ аймгийн хүмүүс хятад цустай учраас ногоо нь сайн ургадаг” гэх агуулгатай мэдэгдэл хийсэн нь олон нийтийн шүүмжлэл дагуулаад байна. Үүнтэй холбогдуулан “Тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг нийлүүлэгчдийн үндэсний холбоо”-ны төлөөлөл уг мэдэгдлийг зохисгүй хэмээн үзэж, ногоочдоос уучлалт гуйхыг шаардлаа.
Тэд "УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр Өрөг.мн сайтад өгсөн ярилцлагадаа Хятад цустай хүмүүс ногоог хурдан ургуулдаг гэх утгатай ярилцлагыг өгсөн. Тэр нь Сэлэнгэ аймгийн ногоочид гэж хэлсэн. Сэлэнгийн одоо ард түмэн бид хөлс хөдөлмөрөө хөрсөнд шингээж хүнс үйлдвэрлэдэг баялаг бүтээгчид болохоос биш хэн нэгэн улс төрчийн амны алдаа хэн нэгэн улс төрчийн золиос биш.
Энэ үүднээс бид бүхэн өөрсдийн байр сууриа илэрхийлэх гэж ирлээ. Сэлэнгийн ард иргэд бид Монгол улсынхаа үр тарианы 50%-ийг, хүнсний ногооны 30%-ийг дангаараа үйлдвэрлэдэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал, мөн УИХ-аас гаргасан 2022 оны 36 дугаар тогтоол Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах тогтоолын хүрээнд Сэлэнгэчүүд бид бүхэн хөдөлмөрлөж ургуулж өнөөдрийг хүрсэн. Ингэж хөдөлмөрлөж ургуулсныхаа төлөө, хүн амаа эрүүл аюулгүй хүнсээр хангасныхаа төлөө Хятад цустай болж доромжлуулж байгаа нь зүйд нийцэхгүй. Тэгэхээр Л.Гантөмөр УИХ-ын гишүүн, Монгол Улсын тэргүүн шадар сайд, Боловсролын сайд, АН-ын дарга гээд хариуцлагатай албан тушаал хашиж байсан хүн. Сэлэнгийн ард иргэдийг одоо ингэж доромжилж, гүтгэж, ийм үйлдэл гаргасанд бид бүхэн маш их харамсаж байна. Өнөөдөр сошиал орчинд маш олон байдлаар Сэлэнгэчүүдийг гүтгэж доромжилж байна. Мөн тоглоом шоглоом хийж байна. Чи Сэлэнгийнх билүү, ногоо тарьдаг билүү гэж байна. Янз бүрийн байдлаар бид бүхнийг бол доромжилж байна. Тэгэхээр УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр та Сэлэнгийн ард түмнээс албан ёсоор уучлал гуйхыг шаардаж байна" гэв.
Б.АМАРТҮВШИН








Нийгэм







