Итали улсын Милан хотноо "Милан–Кортина 2026" өвлийн олимпын наадамд оролцогч улс үндэстнүүд өөрсдийн хувцас, өмсгөлөө танилцуулах загварын шоу зохион байгуулагдлаа. Тус шоунд хувцас загвараа танилцуулах шилдэг 18 орны нэгээр манай улс шалгарч, монгол ноолуураар урласан үндэсний дээл хувцсаа дэлхий дахинаа танилцуулав.
Энэхүү арга хэмжээний онцлох хэсэг нь мэргэжлийн загвар өмсөгчид бус тухайн улсын тамирчид өөрсдийн албан ёсны олимпын хувцсыг өмсөн тайзнаа амилуулсан явдал байлаа.
Энэ нь олимпын үнэт зүйл, тамирчны бахархал, үндэсний онцлогийг илүү бодитоор илэрхийлсэн, утга агуулга өндөр шийдэл болсон юм.
Монгол Улсын хувьд уулын цанын тамирчин А.Ариунбат, гүйлтийн цанын тамирчин Э.Ариунтунгалаг нар олимпын нээлтийн ёслолд өмсөх үндэсний хувцсаа загварын тайзнаа амилууллаа. Олимпын түүхэнд анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү шоу нь спорт, хувцас загвар, улс улсын өвөрмөц байдал, соёлын онцлогийг нэгтгэсэн онцгой үйл явдал болж өнгөрснийг мэргэжилтнүүд тэмдэглэж байна.
Т.УНДРАХБАЯР








Нийгэм









