XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.
МУГЖ Д.Цэрэндарьзав Монгол улсын ардын жүжигчин цол хүртлээ.
Д.Цэрэндарьзав “Ардын жүжигчин цолоо авахдаа тэнгэрт байгаа аав, ээждээ л залбирч суулаа. Аав, ээждээ зул, сүү өргөнө. Баярлалаа, хэлэх үг олдохгүй байна. Өссөн нутгийн минь уул ус, Хөвсгөл аймгийн Далай ээж минь өндийгөөд ирэх шиг санагддаг юм байна. Ард түмэн минь намайг дэмжиж, эрч хүч өгч, алга ташилтаар мялааж явсан та бүхэндээ их баярлаж байна. Ард түмэндээ сүслэн залбиръя.
Хамгийн анхны театрын дүрд “Эхийн тал” жүжгийн “Алимаа”-ын дүрд тоглосон. Тэр дүрээ хэзээ ч мартдаггүй. Малчин айлын охин жүжигчин болсон гэдгийг харуулсан нь тэр дүр. Мөн анх Жигжид найруулагчийн “Хүргэн хүү” кинонд тоглож байлаа. Тэр ачийг нь хэзээ ч мартахгүй. Тэнгэрт байгаа тэдэндээ сүслэн залбирч явдаг юм.
Түмэн олондоо сар шинийн мэндийг хүргэе. Та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлээд эрүүл энх, аз жаргалтай, үр хүүхдүүд нь эрүүл саруул, ирээдүйн сайн сайханд хүрэх болтугай. Монголын ард түмэн минь эв нэгдэлтэйгээр төрөө дээдэлж, түмэн олноо хайрлаж, нэгдэж байгаарай” гэв.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм








