Хөвсгөл аймагийн Ренчинлхүмбэ сумын Далайн зах 4 дүгээр багийн “Хачим” гэх газар Хөвсгөл нуурын мөсөн дээр автомашин живсэн ноцтой осол гарчээ.
Тодруулбал, Ханх сумаас Ренчинлхүмбэ сумын чиглэлд зорчиж явсан иргэн Ө.Б-ийн эзэмшлийн УАЗ-Пургон загварын автомашин нийт 7 зорчигчтой мөсөн дээгүүр явж байхдаа хар хил рүү орж живсэн байна. Уг дуудлага 2026 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 20:16 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.
Ослын улмаас нэг том хүн, нэг хүүхэд автомашинтайгаа живж, харамсалтайгаар амь насаа алдсан бол үлдсэн таван иргэн эсэн мэнд гарч чадсан байна.
Осол гарсан газар нь аймгийн төвөөс хойд зүгт 170 км, Хатгал тосгоноос хойд зүгт 70 км, Ренчинлхүмбэ сумаас зүүн зүгт 62 км зайд оршдог аж.
Мэргэжлийн байгууллагаас иргэдэд хандан мөсний зузаан, даац тодорхойгүй үед авто тээврийн хэрэгслээр зорчихгүй байх, зам товчлох, цаг хожих зорилгоор мөсөн дээгүүр явахгүй байхыг дахин анхаарууллаа. Энэ төрлийн хайхрамжгүй үйлдэл нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж байгааг онцолж байна.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм









