Улаанбаатар хотын Яармаг, Арцат-Хархорин, Өнөр хороолол чиглэлд хэрэгжиж буй Дүүжин замын тээвэр төслийн явц 60.5 хувьтай байна. Тодруулбал, Яармаг, Арцат дахь барилгын дүүргэлт өрлөгийн ажил хийгдэж байгаа бол Өнөр хороолол буудлын өрлөгийн ажил дуусаж, дүүжин тээврийн системийн тохиргооны ажил үргэлжилж байна. Ирэх 4 сарын 15-наас тросс сүвлэх ажил эхлүүлэхээр бэлтгэл ажлууд хийгдэж байна.
Яармаг- Хархорин чиглэлд нийт 19 тулгуур багана суурилуулахаас одоогийн байдлаар 18-ыг босгосон бөгөөд нийт 98 кабины эхний ээлж болох 28 кабин болон цахилгааны холболтын кабелиудыг агуулахад буулгаад буй.
Дүүжин замын тээвэр нь авто зам тавигдаагүй хэсгийн зорчих зайг "шулуун" болгох төдийгүй замын түгжрэл, зам тээврийн осол, цаг агаарын хүндрэлээс үл хамааран тогтсон хуваарийн дагуу найдвартай ажиллах дэлхийн хамгийн аюулгүй тээврийн хэрэгслээр бичигдэх болсон. Дэлхийн банк болон Олон улсын нийтийн тээврийн холбооны судалгаагаар хотууд дүүжин замын тээврийг нийтийн тээврийн үндсэн сүлжээндээ нэгтгэснээр зорчих хугацаа богиносож, хүртээмж нэмэгдэн, аюулгүй байдалд бодит ахиц гардаг нь тогтоогдсон байна. Тухайлбал, Ла-Пас хотод дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор иргэдийн зорчих хугацаа дунджаар 22-50 хувиар буурчээ.
АДМИН








Нийгэм









