Dark Light
Нийгэм | 2026-03-06

ЭРДЭМ БИЛИГ ТӨГС ХОЁР ХАМБЫН НОМЫН АЙЛДВАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Фото зургийг | А.Үржинчимэд
Эрдэм билиг төгс хоёр хамбын номын айлдвар Гандантэгчэнлин хийдэд үргэлжилж байна.
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгч, гэвш А.Батцэнгэл: 
Бурханы шашинд хамгийн эрхэмлэн дээдэлдэг зүйл бол мэдлэг ухаан, судалгаа танин мэдэхүй юм. Бурхан багшийн айлдварт “Миний сургаалыг өөрсдөө нягтлан судалж үз. Хэрэв таалагдаж, үнэн зөвийг нь танивал дага. Харин таалагдахгүй бол заавал дагах албагүй” хэмээн айлдсан байдаг. 
Иймээс Бурханы шашинд аливаа сургаалыг уншиж судлах, эргэцүүлэн бодох, ухаарч ойлгох нь хамгийн чухалд тооцогддог.
Энэ уламжлалын дагуу эртнээс нааш эрдэмтэн мэргэд, дээдэс лам нар номын айлдвар айлдаж, сүсэгтэн олонд Бурханы гүн гүнзгий сургаалыг тайлбарлан таниулах номын ёс дэлгэрч ирсэн билээ.
Энэхүү уламжлал өнөөдөр ч тасралтгүй үргэлжилж, Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд олон номын айлдвар тогтмол зохион байгуулагддаг.
Өдгөө тус хийдийг эрдэм номоороо нэрд гарсан хоёр хамба лам удирдан авч явж байна. Тэд бол тэргүүн их хамба лам, гэвш лхаарамба Д.Жавзандорж болон дэд хамба лам, гавж С.Гантөмөр нар юм. Эдгээр эрдэмт ламтнуудын номын айлдварыг Гандантэгчэнлин хийд албан ёсоор зохион байгуулж, сүсэгтэн олонд хүргэдэг уламжлалтай.
Саяхан тэргүүн их хамба ламын номын айлдвар болж өндөрлөсөн бол энэ удаа Гандантэгчэнлин хийдийн дэд хамба, гавж С.Гантөмөр ламтан сүсэгтэн олонд зориулсан номын айлдварыг 2026 оны 3 сарын 8-ны өдөр айлдах гэж байна.
Дэд хамба ламын энэхүү номын айлдвар олон жилийн турш үргэлжилж буй бөгөөд Алтангэрэл судрыг дараалан тайлбарлан айлдсаар ирсэн уламжлалтай. Энэ жилийн хувьд Алтангэрэл судрын 13, 14-дүгээр бүлгийг тайлбарлан айлдах юм.
Гавж С.Гантөмөр ламтан нь гүн ухааны уужуу өргөн мэдлэгтэй эрдэмт лам бөгөөд номын айлдварын үеэр Алтангэрэл судрын утга учрыг тайлбарласны дараа уламжлал ёсоор сан даллага авах ёслол мөн явагдана.
Алтангэрэл судар нь Бурхан багшийн айлдсан, буддын шашны нэн эрхэм судруудын нэг юм. Энэхүү сударт Бурхан багшийн гол сургаал болох хоосон чанар, бодь сэтгэл зэрэг гүн ухааны чухал агуулгууд багтдаг. Мөн Намсрай сахиусыг хэрхэн шүтэн дээдлэх тухай тусгайлан өгүүлдэг онцлогтой.
Алтангэрэл судрын утга учрыг чин сэтгэлээсээ ойлгон уншиж, эргэцүүлэн бясалгаж чадвал эд баялаг арвижих, буян хишиг дэлгэрнэ хэмээн уламжлалд үздэг. 
Түүнчлэн гал усны аюул, байгалийн гамшгаас хамгаалах хүчтэй хэмээн үздэг бөгөөд энэ талаар олон домог түүх ч байдаг.
Мөн уг сударт нүгэл хилэнцийг наманчлах тухай онцгойлон айлдсан байдаг. Богд Зонховын “Бодь мөрийн зэрэг” зэрэг бүтээлүүдэд ч нүгэл хилэнцийг наманчлахад Алтангэрэл судрыг уншихыг дурдсан байдаг. 
Учир нь бид мэдэх, үл мэдэхийн эрхээр бие, хэл, сэтгэлээрээ олон нүгэл үйлдэж, түүний үр дагаврыг зовлон хэлбэрээр амсдаг. Харин Бурхан багшийн айлдсан ёсоор наманчлах дөрвөн хүчийг төрүүлж чадвал нүгэл хилэнц арилах боломжтой гэж сургадаг.
Ер нь Бурхан багшийн номлол нь хүмүүсийн сэтгэлийн чадавх, цар хүрээнд тохируулан бага хөлгөн, их хөлгөн зэрэг олон шатлалтайгаар тайлбарлагдсан байдаг. Их хөлгөний номлол дотор ч судрын ёс, тарнийн ёс зэрэг гүнзгий үе шаттай сургаалууд багтдаг бөгөөд эдгээр нь хүний сэтгэлийг амар амгалантай болгож, эцсийн төгс амгаланд хүрэх арга ухааныг системтэйгээр тайлбарласан сургаал юм.
Иймээс их хөлгөний сургаалын хүрээнд бодь сэтгэл, хоосон чанарын гүн ухааныг ойлгож, цаашлаад нууц тарнийн номлолтой уялдуулан судлах нь чухалд тооцогддог.
Энэхүү Алтангэрэл судрын номын айлдвар 2026 оны 3-р сарын 8-ны өдөр 11:00 цагаас зохион байгуулагдах бөгөөд сүсэгтэн олон, Бурханы шашны сургаал номлолыг сонирхдог хэн бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Эх сурвалж | Гандантэгчэнлин Хийд
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00