НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP)-ын 82 дугаар чуулганы хүрээнд “Хэнийг ч орхигдуулахгүй: Шар шороон шуурганы эсрэг бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт арга хэмжээ 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Бангкок хотноо зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээг НҮБ-ын АНДЭЗНК, Гурван талт хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга нарын газар (TCS), Монгол Улс хамтран зохион байгуулж, бүс нутгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах санаачилгын эхлэлийг албан ёсоор тавилаа.
Арга хэмжээг нээж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, АЗНДЭЗНК-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Салсиа Алисжабана, “Хятад-Япон-БНСУ-ын Гурван талт хамтын ажиллагааны нарын бичгийн дарга нарын газар" (TCS)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ли Хи-Суп нар үг хэлж, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийн ач холбогдлыг онцлов. Үндсэн илтгэлийг Монгол Улсын Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга, Дэлхийн цаг уурын байгууллага дахь Монгол Улсын Байнгын төлөөлөгч Э.Баттулга тавьж, шар шороон шуурганы эрсдэл нь байгаль орчны асуудлаас давж, хүний аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн тэгш байдлын асуудал болж байгааг тэмдэглэв.
Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)-ын мэдээлснээр 2018–2022 оны хооронд дэлхийн хүн амын бараг тал буюу 3.8 тэрбум хүн аюултай түвшний тоосжилтод өртсөн нь өмнөх үеэс мэдэгдэхүйц өссөн үзүүлэлт байна. Жил бүр ойролцоогоор 2 тэрбум тонн элс, тоос агаар мандалд дэгдэж, 150 гаруй улс орон, 330 сая гаруй хүний амьдралд сөргөөр нөлөөлж байгааг тус байгууллагын 2025 оны тайлан илтгэлд дурджээ.
Мөн Зүүн хойд болон Төв Азийн хуурай бүс нутгаас үүссэн шороон шуурга нь хүн ам олноор төвлөрсөн Бээжин, Сөүл, Токио зэрэг хотуудад хүрч, агаарын чанарыг ноцтой доройтуулах болсон нь бүс нутгийн хамтын ажиллагааны шаардлагыг улам нэмэгдүүлж байна.
Монгол Улсын зүгээс үндсэн илтгэлийн хүрээнд дараах гурван тэргүүлэх чиглэлийг дэвшүүлэв. Үүнд:
- Бүс нутгийн цаг уур, орчны шинжилгээний ажиглалтын нэгдсэн тогтолцоо бий болгох
- Хүн бүрд хүртээмжтэй, ойлгомжтой эрт сэрэмжлүүлэх систем хөгжүүлэх
- Бүс нутгийн хамтын ажиллагааг тогтвортой, институцийн түвшинд бэхжүүлэх
Тус арга хэмжээний хүрээнд БНХАУ, Япон, БНСУ, БНТУ болон ДЭМБ-ын төлөөлөгчид оролцсон хэлэлцүүлэг өрнөж, улс орнуудын туршлага, шилдэг шийдлүүдийг хуваалцав.
Энэхүү санаачилгыг 2026 оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үеэр албан ёсоор танилцуулах бөгөөд шар шороон шуурганы эсрэг бүс нутгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал алхам болно гэж талууд үзэж байна.

АДМИН








Нийгэм






