Нийслэлийн Прокурорын газраас Э.Т-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, дагавар хүү болох 2 настай Б.М-г биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж ямар нэгэн шалтгаангүйгээр үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдөр, 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдөр, 2025 оны 6 дугаар сард тус тус зодож, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар хүү хүүхэд болох 2 настай Б.М-г байнга буюу 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдөр, 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдөр, 2025 оны 6 дугаар сард тус тус ямар нэгэн шалтгаангүйгээр харгис хэрцгий харьцаж зодсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн,
Улмаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “********” хоолны газрын гадна 2025 оны 9 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн **-** улсын дугаартай Toyota Prius 20 загварын тээврийн хэрэгсэл дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай 2 настай, дагавар хүү Б.М-г биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн “... өмдөндөө баасан, машин бохирдууллаа” гэх шалтгааны улмаас зодож олон тооны гэмтлүүдийг хохирогчид үүсгэн өвтгөж шаналгаж, тарчилган зовоож, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Шүүгдэгч Д.Л нь төрсөн хүү 2 настай Б.М-н биед 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдөр, 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдөр, 2025 оны 6 дугаар сард тус тус ил харагдах гэмтлүүд үүссэн байхад хүүхдийн асран хамгаалагчийн хувьд хуулиар хүлээсэн “... хүүхдийн хөгжил эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх” үүргээ биелүүлж хүүхдийн биед учирсан гэмтлүүдийг хэн учруулсан, амь насанд нь аюултай байдал үүсэж болзошгүй байгаа талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүйгээс хамтран амьдрагч Э.Т-н хүчирхийлэл даамжирч, улмаар 2025 оны 9 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” хоолны газрын гадна ***** улсын дугаартай Toyota Prius 20 загварын тээврийн хэрэгсэл дотор дагавар хүү 2 настай Б.М-г “... өмдөндөө баасан, машин бохирдууллаа” гэх шалтгааны улмаас зодож, хүүхэд нас барсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд шилжүүлсэн.
Шүүх хэргийг 2026 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гэм буруугийн хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 60 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн. Тодруулбал мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б.М-н хууль ёсны төлөөлөгчөөр Чингэлтэй дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтнийг тогтоосон. Гэм буруугийн хуралдаанаар амь хохирогч М.Б-н хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн аав болох М.Б-г хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, мэдүүлэг тайлбар авахыг хяналтын прокурорт даалгаж шийдвэрлэсэн боловч М.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгохоос татгалзсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн.
2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гэм буруугийн хуралдааныг хянан хэлэлцэж шүүгдэгч Э.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч Д.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Э.Т-н зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлөх талаар хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч шүүх хуралдааныг 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл завсарлуулсан.
Улмаар Э.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Т-д оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 22 /хорин хоёр/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар тогтож, уг ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх,
Шүүгдэгч Д.Л-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
|
Эх сурвалж
| БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХ
|
АДМИН






Нийгэм







