Монгол Улсын Их Хурлын 2025 оны 124 дүгээр тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр Монголбанканд ажиллаж, тогтоолд туссан арга хэмжээний хэрэгжилт, хууль эрх зүйн орчны уялдаа холбоо, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний талаар уулзаж, санал солилцлоо.
Ажлын хэсэгт УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлого, Төсөв, Эдийн засгийн байнгын хороодын төлөөлөл ажиллаж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Г.Тэмүүлэн ахлан ажиллаж байна.
Тус тогтоолд макро эдийн засгийн орчны болон банк санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах хүрээнд, өсөлтийг тогтворжуулах мөнгөний бодлого хэрэгжүүлэх, гадаадын банкнуудын оролцоог нэмэгдүүлэх, банкны салбарын реформыг эрчимжүүлж, зээлийн хүүг бууруулах, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гадаад валютын нөөцийг зохистой түвшинд хангах, төв банкны алдагдлыг бууруулах, валютын ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах, зээлийн хэт өсөлтөөс сэргийлэх зэрэг 10 чиглэлээр үүрэг даалгавар тусгасан юм.
Монголбанкнаас дээрх тогтоолын хэрэгжилтийн хүрээнд макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөв, үүсэж болзошгүй эрсдэл болон уг тогтоолын хэрэгжилт, банк санхүүгийн салбарын эрх зүйн орчны шинэчлэлийн талаар танилцуулга хийв.


Монголбанк инфляцыг тогтворжуулах зорилгоор бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах, банкнуудын заавал байлгах нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх, хэрэглээний зээлийн өр-орлогын харьцааны дээд хязгаарыг бууруулах мөнгөний болон макро зохистой бодлого, ханшийн зохицуулалтыг уялдуулсан бодлогын арга хэрэгслийг үргэлжлүүлэн ашиглаж буйг онцоллоо.
Мөн банк, санхүүгийн салбарын эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд гадаадын банкнуудыг дотоодын зах зээлд нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах, стратегийн хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав.
Ажлын хэсгийн гишүүд мэдээлэлтэй танилцаж, тогтоолын хэрэгжилт, банк санхүүгийн салбарын эрх зүйн зохицуулалтын уялдаа холбоо, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр цаашид идэвхтэй хамтарч ажиллахаа илэрхийллээ.

АДМИН








Нийгэм






