Dark Light
Нийгэм | 2026-04-29

ТАТВАРЫН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хуулийн төсөлд иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг зохистой хэмжээнд бууруулах зорилгоор нийт 2.2 орчим их наяд төгрөгийн татварын дэмжлэг үзүүлэх дараах арга хэмжээг тусгаад байна. Үүнд:
Иргэн, өрхийн орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орон сууцжуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр:
  1. Иргэдийн татварын ачааллыг бууруулах зорилгоор хөдөлмөр эрхэлж буй иргэдийн сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдуулах албан татварыг 100 хувь буцаан олгоно.
  2. Татварын шударга байх зарчмыг хангах зорилгоор үйл ажиллагааны орлогыг хялбаршуулсан горимоор тайлагнах босго дүнг 1 тэрбум төгрөгөөр тогтоож борлуулалтын орлогын 1 хувиар татвар төлөх боломж олгоно.
  3. Иргэдийн амьдран сууж буй орчноо сайжруулахыг дэмжих зорилгоор татвар төлөгч өөрийн өмчилсөн орон сууцаа худалдан борлуулсан тохиолдолд үл хөдлөх борлуулсны албан татвараас чөлөөлнө.
  4. Татвар төлөгчийн татвар төлөх, тайлагнах үйл ажиллагааг хялбаршуулах зорилгоор тайлан тушаах, албан татварыг төсөвт төлөх хугацааг хойшлуулахаар тусгалаа.
Бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа өргөжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, татварын ачааллыг бууруулах чиглэлээр:
  1. Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн татварын хөнгөлөлтийн хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилгоор 90 хувийн татварын буцаалт эдлэх буюу татварын 1 хувийн ачааллын босго дүнг 1.5 тэрбум төгрөгөөс 2.5 тэрбум төгрөг болгож өсгөнө.
  2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 25 хувиар тооцон ногдуулж эхлэх татвар ногдуулах орлогын босгын хэмжээ 6 тэрбум байсныг 10 тэрбум болгон, 6-10 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогод 15 хувиар татвар ногдуулан хөнгөлөлт үзүүлнэ.
  3. Бичил, жижиг бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор НӨАТ суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгож нэмэгдүүлнэ.
  4. Хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих, урамшуулах зорилгоор татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшинтэй уялдуулан дотоодын болон импортын НӨАТ төлөх хугацааг хоёр хүртэлх сараар хойшлуулна.
  5. Татварын өр барагдуулах ажиллагаанд татвар төлөгчийн санхүүгийн чадамж, бизнесийн үйл ажиллагаанд учирч болзошгүй хүндрэл, эрсдэлийг харгалзан дансыг бүхэлд нь битүүмжлэх бус, орлогын тодорхой хувийг суутгах, дансыг хэсэгчлэн битүүмжлэх замаар татварын өрийг төлүүлэх боломж бүхий зохистой, үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлнэ.
  6. Татвар төлөгчдийг их хэмжээний алданги тооцуулах эрсдэлээс хамгаалах үүднээс Иргэний хуультай уялдуулан алдангийн дээд хэмжээг 50 хувиар тогтооно.
  7. Тайлан залруулах хугацааг 2 жил болгон нэмэгдүүлнэ.
Мөн Глобал форумын гишүүн орны хувьд Автоматаар мэдээлэл харилцан солилцох стандартыг хэрэгжүүлэх нэмэлт зохицуулалтуудыг тусгаснаар Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэх боломж бүрдэж, татвараас зайлсхийх болон хууль бус санхүүгийн гүйлгээг бууруулах, дотоодын орлогыг хамгаалах, татварын бааз суурийг нэмэгдүүлэх, татварын ил тод байдлыг нэмэгдүүлэх эерэг үр дүн гарна.
Дээрх татварын арга хэмжээнүүдийг 2027, 2028 онд үе шаттай хэрэгжүүлснээр аж ахуйн нэгжүүдийн татварын дараах ашиг нэмэгдэж, хөрөнгө оруулалт болон үйл ажиллагаагаа тэлэх боломж бүрдэнэ. Мөн эдийн засгийн өсөлтийг ойролцоогоор 0.5–1 нэгж хувиар, өрхийн бодит орлогыг 0.4–0.7 нэгж хувиар өсгөх үр дүнтэй гэж тооцоод байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10