Улсын төсөвт оруулсан үр өгөөж
- 2026 оны эхний улиралд нийт 2.2 их наяд төгрөгийг татвар хураамж болон бусад төлбөрт төлжээ. Энэ дүн 2010 оноос хойш нийт 16.6 их наяд төгрөгт хүржээ.
- Уурхай ашиглалтад орсон эхний өдрөөс Монгол Улсын Засгийн газар Оюу толгой үйлдвэрийн үр өгөөжийг хүртэж ирсэн. Хөрөнгө оруулагч тал болох “Рио Тинто” групп хөрөнгө оруулалтын өгөөжөө хүртэж эхлээгүй байна. Уурхайг бүтээн байгуулахад олон улсын зээлдэгч байгууллагуудаас авсан зээл төлөгдөж дуусмагц Монгол Улсын Засгийн газарт болон хөрөнгө оруулагч талд эзэмшлийн хувьтай дүйцүүлсэн ногдол ашгийг нэгэн зэрэг хуваарилж эхэлнэ.
- 2026 оны нэгдүгээр улиралд үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалинд 4 их наяд төгрөг дотоодод зарцуулжээ. Энэ нь Оюу толгойн үйл ажиллагааны үр өгөөжөөр өдөр бүр 43.3 тэрбум төгрөг Монгол Улсын эдийн засгийн эргэлтэд орсон гэсэн үг юм.
- Тус улиралд нийт 738 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 536 нь дотоодын ханган нийлүүлэгч байсан бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтынхаа 85 хувийг буюу 1.5 их наяд төгрөгийн худалдан авалтыг эдгээр дотоодын компаниудаас авчээ. Тухайлбал, тайлант хугацаанд Улаанбаатар–Оюу толгой чиглэлд 80,523 зорчигч зорчсон бөгөөд энэ нь дотоодын нислэгийн нийт урсгалын 84.2%-ийг бүрдүүлж байна3. Энэ нь орон нутгийн агаарын тээврийн компаниудын 10 зорчигч тутмын 8 нь Оюу толгойн ажиллах хүч гэсэн үг юм.
- Өмнөговь аймгийн Ханбогд суманд “Оюу толгой” компанийн 18.5 тэрбум төгрөгийн бүрэн санхүүжилттэй “Мал төхөөрөх, мах бэлтгэх үйлдвэр”-ийн барилгын ажил эхэллээ. Уг үйлдвэр ашиглалтад орсноор орон нутгийн малчдаас түүхий эдийг тогтвортой, зах зээлийн бодит үнээр худалдан авах, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэх, цаашлаад экспортын боломж бүрдэх юм.
- “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан”-аас 2026 оны санхүүжилтийн квот олгох гэрээг Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханхонгор, Ханбогд, Баян-Овоо, Цогт-Овоо, Манлай, Сэврэй сумдын Засаг дарга нартай 2026 оны 4 дүгээр сарын 3-аас 21-ний өдрүүдэд байгууллаа. Санхүүжилтийн квотын хүрээнд тухайн сумдын боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, байгаль орчин, нийгмийн сайн сайханд чиглэсэн ашгийн бус төслүүдийг орон нутгийн захиргаагаар дамжуулан сонгон шалгаруулж хэрэгжүүлэх юм. Өмнөх жилүүдэд олгосон санхүүжилтийн хүрээнд цэцэрлэг, сургууль, эрүүл мэндийн төвийн тохижилт, ус, дулаан хангамжийн дэд бүтэц, ахмадын өргөө, хог хаягдлын менежмент, иргэдийн аюулгүй орчныг сайжруулах төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд 2026 онд ч орон нутгийн иргэдийн бодит хэрэгцээнд суурилсан төслүүдийг тогтвортой дэмжих юм.
- “Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан”‑ийн үйл ажиллагааны хүрээнд Ханбогд сумын хөгжлийн бодлого, төлөвлөлтийг уялдуулах, орон нутгийн эдийн засгийг дэмжих чиглэлээр бодитой ажлууд 2026 оны эхний улиралд хийгдлээ. Ханбогд сумын хөгжлийн Түншлэлийн хорооны VIII хурлаар хот байгуулалт, газар зохион байгуулалт, сумын 2026 оны хөгжлийн төлөвлөгөө, гурван бүсийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Хурдасгуур сангийн жилийн төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын зарцуулалтын асуудлуудыг хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд санал нэгдсэн юм.
- 2026 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Жижиг, дунд үйлдвэрийн газар, Ханбогд сумын Засаг даргын тамгын газар болон Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан хамтран жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох хамтын ажиллагааны гэрээ байгуулж, уул уурхайн орлогоор орон нутагт ажлын байр бий болгох, өрхийн орлогыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүллээ. Үүнээс гадна Хурдасгуур төвийн эрчим хүчний хангамжийг 15 кВт хосолмол нарны эрчим хүчний системээр шийдэж, сэргээгдэх эрчим хүч, тогтвортой хөгжилд чиглэсэн жишиг шийдлийг орон нутагт амжилттай хэрэгжүүлсэн байна.
- “Оюу толгой” үйлдвэрийн ажилтнуудын хэрэглээнээс гарсан 8 тонн хөдөлмөр хамгааллын хувцсыг дахин боловсруулж, байгальд ээлтэй, тогтвортой хэрэглээг дэмжсэн сайн үйлсийн хүрээнд малын нэмнээ болгон үйлдвэрлэж, зудын эрсдэл өндөртэй бүс нутгийн малчдад хүргэлээ. Уг нэмнээг тугал, бяруу, шүдлэн, хязаалан, соёолон зэрэг таван насны бод малд зориулан хийсэн. Энэхүү санаачилгыг “Рио Тинто Монгол” компани хэрэгжүүлж, “Урбан Жийнс” компанитай хамтран бодит үр дүнтэйгээр хэрэгжүүлсэн юм.
Хүний хөгжил, сургалт боловсролд оруулсан үр өгөөж
“Оюу толгой” компани ирээдүйн чадварлаг уурхайчид, инженерүүд, салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмрээ тууштай оруулсаар байна.
- Дэлхийн ур чадварын байгууллагаас мэргэжлийн ур чадварыг дэмжих, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд оруулсан Оюу толгой үйлдвэрийн бодит хувь нэмрийг үнэлж, “Хүндэт гэрчилгээ” олголоо. Уг шагналыг Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Дэлхийн ур чадварын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулдаг “Монгол ур чадвар” үндэсний аварга шалгаруулах арга хэмжээний үеэр гардуулсан юм. Оюу толгой үйлдвэр нь 2015 оноос хойш Монголын шигшээ багийг Дэлхийн ур чадварын тэмцээнд гагнуурын төрлөөр оролцоход мэргэжлийн болон санхүүгийн дэмжлэг тогтмол үзүүлсний үр дүнд монгол оролцогчид 2017, 2019, 2024 онд тусгай байранд шалгарч, олон улсад ур чадвараа амжилттай таниулсан байна. Инженерээс гадна засварчин, гагнуурчин, цахилгаанчин зэрэг техникийн ур чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэх чиглэлээр хэрэгжүүлж буй эдгээр санаачилга нь хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээг хангах, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хүний нөөцийг бий болгоход бодитой хувь нэмэр оруулж байна.
- “Оюу толгой” үйлдвэр нь 2016 оноос хойш орон нутгийн засаг захиргаа, Өмнөговь аймгийн Политехникийн коллежтой хамтран орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ирээдүйн чадварлаг уурхайчид, инженер, салбарын мэргэжилтэн бэлтгэх зорилгоор сургах, чадавхжуулах, мэргэжил олгох хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлж ирсэн. Эдгээр хөтөлбөрт Өмнөговь аймгийн нийт 1,500 орчим иргэн хамрагдаж, хөдөлмөрийн зах зээлд мэргэжилтнээр бэлтгэгдсэн байна. Үүнд:
- Ажил хөдөлмөрт бэлтгэх 3 сарын сургалтад 683 иргэнийг хамруулж тогооч, оёдолчин, механик, гагнуур, барилгын шат зэрэг чиглэлээр сурган, хөдөлмөр эрхлэлт 69% байна.
- Мэргэжил олгох хөтөлбөрт 534 иргэн гагнуур, механик, цахилгааны чиглэлээр хамрагдаж, хөдөлмөр эрхлэлт 87% байна.
- Уул уурхайн салбарт нэн хэрэгцээтэй засварчин, гагнуурчин, цахилгаанчин, нарийн хэмжүүрийн техникч бэлтгэдэг дадлагажигч ажилтны хөтөлбөрт нийт 227 иргэн хамрагдаад байна.
- “Оюу толгой” үйлдвэрийн Алсын удирдлагатай тоног төхөөрөмжийн баг нь 2026 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын Иргэний нисэхийн дүрэм‑102 (ИНД‑102)-ын дагуу таван үе шаттай хяналт шалгалтыг амжилттай давж, уурхайн цогцолборт 25 кг ба түүнээс дээш жинтэй хүнгүй нисэх төхөөрөмж (дрон) ашиглах гэрчилгээг гардан авлаа. Ингэснээр газарзүйн онцлогоос шалтгаалан хүн хүрэх боломжгүй, өндөр эрсдэлтэй бүсэд шаардлагатай ачаа, тоног төхөөрөмжийг аюулгүй, найдвартай, шуурхай хүргэх боломж бүрдсэн бөгөөд шөнийн нислэг үйлдэх нөхцөл ч хангагдлаа. Оюу толгой үйлдвэр нь ИНД‑102 дүрмийн дагуу гэрчилгээ авсан анхны уул уурхайн компани болж, Монгол Улсад энэхүү ангиллын гэрчилгээтэй хоёр дахь байгууллага болсноор ажилтнуудын ур чадвар, орчин үеийн технологийн мэдлэгийг шинэ түвшинд хүргэж, салбарын мэргэжлийн чадавхыг бодитоор нэмэгдүүлж байна.
Байгаль орчны хамгаалалд оруулсан хөрөнгө оруулалт
“Оюу толгой” компанийн үйл ажиллагаа зөвхөн уурхайн талбараар хязгаарлагдахгүй Монгол орны өнцөг булан бүрд эерэг нөлөөллийг бий болгож байна.
- “Оюу толгой” компани нь Монгол Улсын хууль, тогтоомж, холбогдох гэрээ хэлэлцээрийн дагуу ус ашигласны төлбөрөө бүрэн төлж, хяналт, дүгнэлтийг тогтмол гаргаж ирсэн. 2013 оноос хойш ус ашигласны төлбөрт нийт 226 тэрбум төгрөг төлсөн. Мөн 2026 оны нэгдүгээр улиралд ашигласан усныхаа 86.4 хувийг дахин ашигласан бөгөөд нэг тонн хүдэр боловсруулахад дунджаар 0.45 м³ ус нөхөн сэлбэлтээр авч хэрэглэсэн нь дэлхийн ижил төрлийн уурхайнуудын дунджаас гурав дахин бага үзүүлэлт юм.
- “Оюу толгой” үйлдвэрийн лицензийн талбайтай давхацдаг, олон зуун жилийн түүхтэй Ундайн сайрын голдирол нь ил уурхай болон хаягдал чулуулгийн овоолгын нөлөөгөөр гадаргын болон газрын доорх ус уурхай руу алдагдах эрсдэлтэй тулгарсан тул 2013–2014 онд мэргэжлийн байгууллагууд, орон нутгийн иргэдийн оролцоотойгоор хэсэгчилсэн тохируулгыг амжилттай хэрэгжүүлсэн. Үүний зэрэгцээ 2009 оноос эхлүүлсэн Ундайн сайрын хяналтын хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийн байдлаар 109 уст цэгт тогтмол хяналтын хэмжилт хийж, хур бороо элбэг үед улирлын урсац хэвийн үргэлжилж, булаг шандыг тэтгэн, газрын доорх усны түвшин нэмэгддэг байгалийн горим хадгалагдаж байгааг баталгаажуулсан байна. Харин хэсэгчилсэн шилжилтийн үр дүнд “Шинэ бор овоо”-ийн булаг үүсэж, өнөөдөр жилийн турш устай “Говийн баян бүрд” болон, зэрлэг амьтан, жигүүртэн шувуудын ундаалах, амрах чухал экосистемийн хэсэг болжээ.
- “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Оюу толгой” компани нь 2022 оноос эхлэн “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийг хэрэгжүүлж, өнгөрөгч гурван жилийн хугацаанд нийт 36.4 сая модыг шууд болон дүйцүүлэх хэлбэрээр тарьж ургуулаад байна. Бид 2026 оны нэгдүгээр улиралд хөтөлбөрийн хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:
- 2025 онд Өмнөговь аймгийн Манлай, Баян-Овоо сумдад байгуулсан мод үржүүлгийн газруудын үйл ажиллагааг цаашид хариуцан ажиллахаар шалгарсан байгууллагад хүлээлгэж өгөх ажлыг эхлүүллээ.
- Сэлэнгэ аймгийн нутагт хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр эвдэрч, орхигдсон 400 га талбайг нөхөн сэргээх төслийн төлөвлөгөөг эцэслэн боловсруулах зорилгоор оролцогч талууд болох Ойн газар, Хараа–Ерөө голын сав газрын захиргаа, Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газар, сумдын байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагчидтай хамтын санал, шийдлүүдийг хэлэлцлээ.
Ил тод байдал
- “Оюу толгой” компани Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто, олон улсын зээлдэгчид, орон нутгийн иргэд, ажилтнууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд зэрэг бүх оролцогч талуудад олон улсын стандарт, холбогдох хууль эрх зүйн шаардлагын дагуу мэдээллийг ил тод хүргэхийн төлөө тууштай хичээн ажиллаж байна. “Оюу толгой” компаниас цахим хуудсандаа буюу www.ot.mn-д дараах тайлан, аудитын дүгнэлтүүдийг тогтмол байршуулдаг. Үүнд:-
- Үйл ажиллагааны гүйцэтгэлийн тайлан (улирал тутамд) – олборлолт, татвар хураамж, худалдан авалт, байгаль орчны чиглэлд хийгдэж буй ажлууд болон орон нутгийн хөрөнгө оруулалтууд багтдаг;
- Жилийн тайлан (жил бүр) – улирал тутмын гүйцэтгэлийн тайланд орсон мэдээллээс гадна ажиллах хүчний сайн сайхан байдалд чиглэсэн ажлууд, урт хугацааны стратеги төлөвлөлтийн хүрээнд хийгдсэн гол ажлуудаа тайлагнадаг;
- Байгаль орчны гүйцэтгэлийн аудит (жил бүр);
- Хаягдлын далангийн үйл ажиллагааны явцын тайлан;
- Зээлдүүлэгчдийн БОНХЗ-ийн аудит (жилд 2-3 удаа): БОННҮ-нд нийцэж байгаа эсэхийг шалгах зорилгоор хийж,үр дүнг олон нийтэд мэдээлдэг;
- Усны хөндлөнгийн аудит (5 жил тутам): Устай холбоотой бүх дүрэм, журам болон Хөрөнгө оруулалтын гэрээний устай холбоотой заалтуудын биелэлтийг шалгах зорилгоор хийж, олон нийтэд мэдээлдэг;
- Галба-Өөш Долоодын говийн сав газрын захиргааны усны аудит (жил бүр);
- Copper Mark байгууллагын аудит (хоёр жил тутам) - Зээлдүүлэгчдийн аудиттай хамтатган хийдэг;
- Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй 2 сангийн тайлан (жил бүр).
- “Оюу толгой” компанийн төрийн 34%-ийн хувьцааг эзэмшигч “Эрдэнэс Оюу Толгой” ХХК тай тогтмол тайлан, уулзалтаар мэдээлэл хуваалцдаг. Үүнд:
- Сард 70+ тайлан;
- Долоо хоног бүр 2 тайлан;
- Улирал тутам 4 том тайлан;
- Сар бүр 7 уулзалт;
- Тайлангуудын дагуу дэлгэрэнгүй хэлэлцүүлэг хийдэг.
- Иргэний нийгмийн байгууллагууд (ИНБ)-тай жилд 1-2 удаа тогтмол уулзаж, тайлан, мэдээллээ танилцуулан, санаа зовнисон асуудлуудад нь шаардлагатай мэдээллээр ханган, санал хүсэлт хүлээн авч хамтран ажиллаж байна. Энэ оны эхний уулзалтаа 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хийж, ИНБ-ийн төлөөллийг уурхайн цогцолбортоо хүлээн авч, нээлттэй ярилцлаа.
Олборлолт, үйлдвэрлэлийн тайлан мэдээлэл
- 2026 оны нэгдүгээр улиралд гэмтэл бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.34 ногдлоо. Жилийн зорилтот түвшинд хүрэхийн тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлж байна.
- Оны эхний улиралд гүний уурхайн зэс болон алтны үйлдвэрлэл шинэ дээд амжилт тогтоон, баяжмал дахь алт болон зэсийн үйлдвэрлэлээ тус бүр 10% гаруйгаар давуулан биелүүллээ.
- Баяжуулах үйлдвэрийн болон гүний уурхайн хүдэр тээвэрлэх системийн төлөвлөгөөт засварыг аюулгүй, үйлдвэрлэлд сөрөг нөлөөлөлгүй амжилттай хийж гүйцэтгэлээ.
- Панель 2-ын огтлох түвшний тэсэлгээ, хүдэр олборлох юүлүүр болон хүдэр татах цэгүүдийн бүтээн байгуулалт төлөвлөгөөт хуваариас гүйцэтгэл өндөртэй байсан нь гүний уурхайн олборлолтыг тогтвортой нэмэгдүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэлээ.
- Уурхайн төлөвлөлтөд уян хатан байдлыг хадгалж, “Онтрэ”‑ийн тусгай зөвшөөрөл шилжих хугацаанаас хамааран Панель 1 эсвэл Панель 2‑ын Өмнөд хэсгийн алийг нь ч эхэлж үйлдвэрлэлд оруулах боломжтой байх хувилбаруудыг үйлдвэрлэлийн төлөвлөгөөндөө тусган, хэрэгжүүлж байна.


Хууль эрх зүй, холбогдох гэрээний хэрэгжилт
Оюу толгой үйлдвэр нь Монгол Улсын хууль эрхзүйн орчин болон 2009 онд Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээнд үйл ажиллагаагаа бүрэн нийцүүлэн ажилладаг. Хөрөнгө оруулалтын гэрээгээр “Оюу толгой” компани 76 үүрэг, Засгийн газар 33 үүрэг хүлээсэн байдаг. Компани дангаараа хариуцан хэрэгжүүлэх үүргүүд бүрэн хэрэгжсэн, эсхүл тогтмол хэрэгжээд явж байна. Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд хүлээсэн үүрэг, амлалтын хэрэгжилтийг доорх хүснэгтээс харна уу.
Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд “Оюу толгой” компанийн хүлээсэн үүрэг, амлалт, тэдгээрийн биелэлт



“Оюу толгой” компанийн тухай (www.ot.mn)“Оюу толгой” бол Монгол Улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол Улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ.
Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна.
Аюулгүй ажиллагааг хангах нь “Оюу толгой” компанийн нэн тэргүүний зорилт билээ.
АДМИН







Нийгэм







