Сонгинохайрхан дүүрэг дэх Олон улсын худалдаа, логистикийн төв (22-ын товчоо)-д автомашины худалдан авалт амралтын өдрүүдэд идэвхэждэг хэдий ч Авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээ хаалттай байдаг нь тус цогцолборт үйл ажиллагаа явуулдаг 1000 гаруй бизнес эрхлэгчийн борлуулалт саатах гол шалтгаан болсоор иржээ.
Иргэд бямба, ням гарагт машин худалдан авахаар тохиролцсон ч бичиг баримт бүрдүүлэх, өмчлөгч шилжүүлэх, улсын дугаар авах боломжгүй болж, даваа гараг хүртэл хүлээх, эсвэл ажлын өдөр дахин ирэх шаардлагатай тулгардаг. Үүний улмаас олон тохиолдолд гэрээ цуцлагдаж, бизнес эрхлэгчдийн орлого алдагддаг байна.
Иргэдээс гаргасан хүсэлтийн дагуу Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч П.Батбаатар 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Олон улсын худалдаа, логистикийн төвийн бизнес эрхлэгчдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзсан.
Уг уулзалтын хүрээнд “Бизнесийн орчныг дэмжих зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 127 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлыг хэрэгжүүлэх, эрчимжүүлэх зорилгоор “Авто худалдааны цогцолбор”-ын нэгдүгээр талбайд иргэд, бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, санал, хүсэлтийг газар дээр нь хэлэлцэн шийдвэрлэлээ.
Ингэснээр Нийслэлийн авто тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвийн Авто худалдааны цогцолбор дахь салбарыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн амралтын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд ажиллуулж, Даваа, Мягмар гарагт амраах зохицуулалтыг хийв.
Түүнчлэн төрөөс үзүүлж буй цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ашиглахад амар хялбар байлгах, саад бэрхшээл гарсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаар Нийслэлийн авто тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвийн дарга Э.Ниндэв, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн дарга Г.Отгонбаатар нар мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариулт өгөв.
АДМИН








Нийгэм







