Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Сургалтын үр дүнд бүх шатны хамтын ажиллагаа сайжирч, чадавх оролцоо нэмэгдэж, мэдлэг, ур чадвар, хамтын ажиллагаа, бэлэн байдлын түвшинд ахиц гарсан гэж дүгнэж байна. Цаашид гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиуд холбогдох хууль, дүрэм, журмуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож хэвшүүлэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөндөө салбарын онцлогт нийцүүлэн тодотгол хийж, хэрэгжүүлж ажиллах нь чухал болохыг онцолж байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэдэг зөвхөн зөвлөмж, мэдээлэл хүргэх бус эрт зөв төлөвлөж, урьдчилан тооцоолж, бодит арга хэмжээг хэрэгжүүлэх гэдгийг команд штабын сургуулиас ойлгосон гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Дадлага сургуульд 5052 ажилтан, албан хаагч, 401 техник хэрэгсэлтэй оролцсон бөгөөд анх удаа улсын хэмжээнд Эрүүл мэндийн алба, мэргэжлийн анги, бүх шатны Засаг даргын тамгын газрын дэргэдэх хэвлэл олон нийттэй харилцах алба, мэргэжилтнүүдийг бүрэн хамруулснаараа онцлог юм.
Сургуулийн нэгдүгээр шатанд томилгоот бүрэлдэхүүнийг 05:00 цагт зарлан мэдээллийн дохио өгч, бэлтгэл, бэлэн байдлыг шалгаж, орон нутаг дахь салбаруудын удирдлага зохион байгуулалт, харилцан ажиллагааг жигдрүүллээ.
Удирдах бүрэлдэхүүн хоёрдугаар үе шатанд өгөгдсөн цагийн байдлын дагуу албадын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах үүргийг хэрэгжүүлж, төлөвлөгөөгөө тодотгосон юм.
Гуравдугаар шат болох дуурайлган үзүүлэх тактикийн дадлага сургуулилтыг Говь-Алтай, Сүхбаатар, Өмнөговь, Орхон, Төв аймаг, ХӨСҮТ, УНТЭ болон нийслэлийн Эрүүл мэндийн газарт зохион байгуулж, хээрийн эмнэлэг дэлгэх, хөдөлгөөнт баг ажиллуулах, гоц халдварт өвчний хариу арга хэмжээ авах зэрэг бодит нөхцөлд ажиллалаа.
АДМИН






Нийгэм







