Дорноговийн нутаг, Сүхбаатарын өмнөд хэсгээр өнөөдөр аадар орно.
Тодруулбал, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр усархаг аадар үргэлжлэн орж, сэрүүсэх тул болзошгүй нөөлөг салхи, шороон шуурга, мөндөр, аянга цахилгаан, үер ус, нойтон цасны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр дуу цахилгаантай аадар, уулаараа цас орно.
Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна.
Увс нуур болон Дархадын хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +4+9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар +9+14 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +18+23 градус, бусад нутгаар +13+18 градус дулаан байна.
Улаанбаатар орчмоор үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +15+17 градус дулаан байна.
Б.АМАРТҮВШИН






Нийгэм







