Хилийн цэргийн 0132 дугаар ангиас тодруулга мэдээлэл хүргэлээ. Тус ангийн захирагч хурандаа Б.Гантөмөр:
-Цахим орчинд тархсан долоон цэргийн албан хаагчийг халсан асуудлаар тайлбар мэдээлэл хүргэж байна. Тухайн долоон цэргийн албан хаагч Засгийн газрын 130 дугаар тогтоолоор батлагдсан эрүүл мэндээр шалтгаалах өвчний улмаас цэргийн алба хаах боломжгүй гэх шалтгаанаар тухайн албан хаагчдыг халах саналыг Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлсэн. Тухайлбал, венийн судасны өргөсөл, хамрын хөндийн идээт үрэвсэл, зүрхний хэм алдалт, аутизм, мөн сэтгэлзүйчийн дүгнэлтээр халах саналыг хүргүүлсэн. Уг мэдээлэлд дурдагдсанаар байлдагчид хүч хэрэглэсэн харьцааны зөрчил гарсан гэх асуудлаар дотооддоо хяналт шалгалт явуулсан.
Тухайн албан хаагчийн хүч хэрэглэсэн тогтоогдоогүй. Цагдаагийн байгууллагад хандан тухайн нөхцөл байдлыг тогтоолгохоор шалгалтын үйл ажиллагаа явагдаж байна. Тухайн албан хаагчийг ухаан алдаж унах үед нь эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хүргүүлсэн. Тухайн албан хаагчийг зодсон гэх асуудлаар хамт байсан байлдагчийг бусад нөхдүүдээс нь тодруулга авахад нөхцөл байдал тогтоогдоогүй. Генералын хүү Т гэх албан хаагч манай ангид байдаггүй. Энэ бол ташаа мэдээлэл.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм







