"Эрүүл цэвэр орчин” уриан дор Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас энэ сарын 15-16-ны өдрүүдэд бүх нийтийн цэвэрлэгээг амжилттай зохион байгууллаа.
Цэвэрлэгээний ажлыг Залаат, Багатэнгэр, Зайсан, Богино, Чандмань, Жаргалант, Түргэн, Төрхурах, Манзушир зэрэг хүний хөл хөдөлгөөн ихтэй амуудад зохион байгуулж, нийт 1060 гаруй хүн оролцон 20 гаруй тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна.
Эхний өдөр ХААИС-ийн 360 гаруй оюутан, багш нар гурван чиглэлд хуваагдан ажиллажээ. Тодруулбал, Зайсан толгой орчимд 60 гаруй шуудай, Соёмботой уул орчимд 88 шуудай, Богино болон Чандмань аманд 80 гаруй шуудай хог хаягдлыг тус тус цэвэрлэсэн байна.
Мөн Багатэнгэр, Залаатын аманд үйл ажиллагаа явуулдаг “Нью Тур” ХХК, “MTS” ХХК, “Мон-Ко” ХХК, “Арагдай Маргад” ХХК, “Сийгми” ХХК, “ЧДЧГ” ХХК, “Хүрхрээ Тур” ХХК зэрэг байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд идэвхтэй оролцож, нийт 15 тонн орчим хогийг цэвэрлэжээ. Цуглуулсан хог хаягдлыг Ногоон байгууламж, хот тохижилтын компани гурван удаагийн рейсээр ачиж тээвэрлэсэн байна.
Харин хоёр дахь өдөр Төмөр замын их сургууль, Дотоод хэргийн их сургууль, МҮИС-ийн Универсал Политехник коллежийн оюутнууд, Монголын явган алхалтын холбоо, алхалтын клубүүд, сайн дурын иргэд болон Богдхан уулын дархан цаазат газрын албан хаагчдаас бүрдсэн 700 гаруй хүн цэвэрлэгээний ажлыг үргэлжлүүлжээ.
Энэ үеэр Төмөр замын их сургуулийн оюутнууд болон алхалтын клубүүд Зайсан–Дугуй цагаан чиглэлд 15 шуудай, Дотоод хэргийн их сургуулийн оюутнууд Зайсангийн баруун энгэрээс 36 шуудай хог хаягдал цэвэрлэсэн байна.
Тус арга хэмжээнд их, дээд сургуулиуд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, сайн дурын иргэд өргөнөөр оролцсон бөгөөд зохион байгуулагчдын зүгээс хамтран ажилласан бүх байгууллага, иргэдэд талархал илэрхийллээ.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм







