ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Говийн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалтад оролцох үеэрээ “Мандалговийн алим” хэмээн олонд танигдсан алимын аж ахуйн талбайгаар оров. Төрийн албан хаагч хашаандаа тарьж туршсан алимын мод үр жимсээ өгч эхэлсэн нь энэхүү аж ахуйг байгуулах, говьд алим их хэмжээгээр тарьж ургуулах сэдэл, санааг өгсөн байна.
Алимын аж ахуйг үүсгэн байгуулагч П.Очирбат ийнхүү геологи, уул уурхайн мэргэжлээ агрономичоор сольжээ. Тэр Бээр уйгагүй судалгаа, туршилт хийсний үндсэн дээр Ховдын Булганаас, мөн ОХУ-ын Буриадаас алимын үр, суулгац авчирч Мандалговьдоо нутагшуулан ургуулж байгаа юм байна. Одоогоор нийт 2000 алимын мод тарьж ургуулсан бөгөөд үр жимсийг нь хүртэж эхэлжээ.
Говьд алимын мод тарьж, ургуулахад ямар хүндрэл гарч байгааг сайд Ц.Идэрбат түүнээс асуухад, “Алим дулаан, нөмөртэй газар сайн ургадаг. Мэдээж усалгаа хэрэгтэй. Үүнийг шийдэж дуслын усалгааны системтэй болгосон. Мөн говийн ус хатуулагтай тул алим услах усаа шүүн зөөлрүүлэх төхөөрөмж суурилуулсан. Харин говийн салхи нялх моддод нэлээд халгаатай. Гэхдээ стандартын дагуу өндөр хашаа барьсан нь тодорхой хэмжээгээр нөмөр нөөлөг болдог. Цаашид салхинаас хамгаалах ойн зурвас байгуулахаар мод тарьж байгаа” гэлээ.
П.Очирбат гэр бүлийн бизнес эрхэлж, кофе шоп ажиллуулж эхлэхдээ ЖДҮХС-гаас зээл авч байжээ. Дараа нь алимын аж ахуй байгуулахдаа ЖДҮХС-гаас хоёр дахь зээлээ авсан гэнэ. Зээлийн эргэн төлөлтөө сар, улирал бүр хийхэд хүндрэл гардаг. Тиймээс намар ургацаа хурааж, борлуулалт хийсний дараа бөөнд нь төлөх нөхцөлийг зээлийн гэрээнд тусгаж өгвөл сайн байна гэдэг хүсэлтийг тэр бээр тавьж байв.
Нэг алимын мод 80 гаруй насалдаг. Жилдээ нэг модноос 30-35 кг алим хураан авах боломжтой. П.Очирбатын хувьд усалгааны системээ ашиглан алимын мод хоорондын зайд шар тарвас тарьж туршихаас эхлээд аж ахуйнхаа ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа аж. Одоогоор манай улс алимын хэрэгцээнийхээ дөнгөж 10 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, 90 хувийг нь импортоор авдаг. Монгол оронд алим тариалж, дотоодын хэрэглээгээ бүрэн хангахын зэрэгцээ экспортлох бүрэн боломжтой гэдгийг тэр бээр хэлж байлаа.


АДМИН








Нийгэм





