Dark Light
Нийгэм | 2026-05-20

МОНГОЛ УЛСЫГ GREEN-EXPO 2027-Д ОРОЛЦОХЫГ УРИВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзан, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, нүүрстөрөгч багатай хөгжил болон хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр сайд Ц.Сандаг-Очир Монгол, Японы байгаль орчны салбарын хамтын ажиллагаа олон жилийн турш тогтвортой хөгжиж, бодит үр дүн гаргасныг онцолж, Япон Улсын Засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдэд талархал илэрхийллээ.
Тэрбээр хоёр улсын Байгаль орчны яамд хоорондын Бодлогын зөвлөлдөх уулзалт нь үр дүнтэй хамтын ажиллагааны механизм болж төлөвшсөнийг тэмдэглэж, энэ онд 17 дахь удаагийн уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахаар ажиллаж байгааг дурдав.
Мөн Монгол Улс Япон Улстай хэрэгжүүлж буй Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл болон Хамтарсан кредит олгох механизм (JCM)-ын хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөг болохыг илэрхийлж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах, чадавх бэхжүүлэх чиглэлд үзүүлж буй дэмжлэгийг өндрөөр үнэлж байгаагаа онцоллоо.
Ц.Сандаг-Очир сайдын зүгээс мөн ирэх наймдугаар сард Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP17)-ын талаар мэдээлэл өгч, энэ үеэр зохион байгуулагдах Монгол, Япон, БНСУ, БНХАУ-ын хамтарсан Шар шороон шуурганы ажлын хэсгийн 19 дүгээр уулзалт нь бүс нутгийн хамтын судалгаа, шинжилгээг эхлүүлэх чухал алхам болохыг тэмдэглэлээ.
Харин Элчин сайд М.Игавахара Ц.Сандаг-Очир сайдыг шинэ албан тушаалд томилогдсонд баяр хүргэж, цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүслээ.
Үргэлжлүүлэн Монгол Улсыг 2027 онд Япон Улсын Ёокохама хотод зохион байгуулагдах GREEN-EXPO 2027-д албан ёсоор оролцохыг урьж, энэ нь Монгол Улсын ногоон хөгжлийн бодлого, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон (COP17)-ын үр дүнг олон улсад сурталчлах ач холбогдолтойг онцлов.
Түүнчлэн 2026 оны долоодугаар сарын 13-15-ны өдрүүдэд Япон Улсын Токио хотноо зохион байгуулагдах амьтны зохистой ашиглалт, менежментийг дэмжих олон улсын хуралд Монголын төлөөллийг оролцуулах асуудлыг уламжлав.
Уулзалт ажил хэрэгч, найрсаг уур амьсгалд болж, талууд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, нүүрстөрөгч багатай хөгжил болон бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлэхээ илэрхийллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10