Монгол Улсын Их Сургуулийн оюутнууд инфляцын өсөлт оюутнуудын амьжиргаа, худалдан авах чадварт хэрхэн нөлөөлж буй талаар бичил судалгаа хийж, эдийн засгийн нөхцөл байдал залуусын өдөр тутмын амьдралд хүчтэй дарамт үзүүлж байгааг онцоллоо. Тус судалгааг Монгол Улсад их, дээд сургуульд суралцаж буй 102 оюутнаас түүврийн аргаар авч, төрөөс хэрэгжүүлж буй мөнгөний болон нийгмийн бодлого оюутнуудын бодит хэрэглээ, амьжиргаанд ямар үр нөлөө үзүүлж буйг шинжилсэн байна.
Судалгааны үр дүнгээс харахад инфляцын түвшин өмнөх оноос буурсан хэдий ч үнийн өсөлтийн дарамт оюутнуудын өдөр тутмын хэрэглээнд бодитоор мэдрэгдсээр байгаа аж. Монголбанкны мэдээллээр 2026 оны хоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд инфляц 6.5 хувь, Улаанбаатар хотод 6.0 хувьтай гарсан нь өмнөх оны мөн үеийн улсын хэмжээний 9.6 хувь, нийслэлийн 10.3 хувийн түвшнээс буурсан үзүүлэлт болсон байна. Харин 2026 оны гуравдугаар сарын байдлаар улсын инфляц 7.4 хувь, Улаанбаатар хотын инфляц 7.3 хувьтай гарсан нь 2025 оны гуравдугаар сарын 9.1 болон 10.1 хувийн үзүүлэлтээс буурсан ч үнийн өсөлт бүрэн саараагүйг илтгэжээ.
МУИС-ийн оюутнуудын хийсэн судалгаанд инфляцын өнөөгийн нөхцөл байдлыг зардлын инфляц давамгайлж байгаатай холбон тайлбарласан байна. Тухайлбал хүнсний бүтээгдэхүүний үнэ 13.9 хувиар өссөн нь нийт инфляцын 51.9 хувийг бүрдүүлсэн бөгөөд энэ нь үнийн өсөлтийн гол шалтгаан нь нийлүүлэлтийн хүчин зүйл, тээвэр логистикийн зардал, импортын өртөг, үйлдвэрлэлийн нэмэгдсэн зардалтай холбоотой байгааг харуулжээ. Судалгаанд үйлдвэрлэгчийн үнийн индекс өссөнөөр үйлдвэрлэгчдийн зардал нэмэгдэж, энэ өсөлт эцсийн хэрэглэгчдэд буюу өрх болон оюутнуудад шилжиж байгааг онцолсон байна.
Судалгаанд оролцсон оюутнуудын 57.8 хувь нь инфляц өдөр тутмын амьдралд нь сөргөөр нөлөөлж байна гэж хариулсан бол 64.73 хувь нь орлого нь үнийн өсөлтийг дагаж нэмэгдэхгүй байгааг онцолжээ. Мөн 54.9 хувь нь өмнөхөөсөө бага хэрэглээтэй болсон буюу хэрэглээгээ танах шаардлагатай болсон гэж үзсэн байна. Судалгааны үр дүнгээс харахад нийт оюутнуудын 46 хувь нь орлогоосоо давсан зардалтай байгаа нь амьжиргааны өртөг нэмэгдэж, бодит орлого буурч байгааг илтгэж байгаа аж.
Оюутнуудын орлогын түвшинг авч үзвэл судалгаанд оролцогчдын 53 хувь нь сард 0-300 мянган төгрөгийн орлоготой гэж хариулсан нь нийт оролцогчдын талаас илүү хувь нь санхүүгийн хувьд бага орлоготой бүлэгт багтаж байгааг харуулжээ. Харин нэг сая төгрөгөөс дээш орлоготой оюутнууд нийт оролцогчдын ердөө 16 хувийг эзэлсэн байна. Өнгөрсөн онтой харьцуулахад хамгийн бага орлоготой бүлэг 3 хувиар буурсан бол хоёр сая төгрөгөөс дээш орлоготой оюутнуудын хувь 3 хувиар өссөн үзүүлэлт гарсан нь орлогын түвшин тодорхой хэмжээнд өсөх хандлага ажиглагдсан ч инфляцын өсөлтийг бүрэн нөхөж чадахгүй байгааг судлаачид тайлбарлажээ.
МУИС-ийн оюутнуудын хийсэн энэхүү судалгаагаар оюутнуудын орлого тогтвортой бус, ихэвчлэн гэр бүлийн дэмжлэг, цагийн ажил, түр орлогоос бүрддэг нь инфляцын үед илүү эмзэг нөхцөл үүсгэж байгааг онцолсон байна. Судалгаанд оролцсон оюутнуудын 60 гаруй хувь нь хичээлийн хажуугаар ажил хийхийг сонгож байгаагаа илэрхийлсэн нь залуус зээл авах зэрэг санхүүгийн эрсдэлтэй аргаас илүү хөдөлмөр эрхлэх замаар орлогоо нэмэгдүүлэхийг илүүд үзэж байгааг харуулжээ. Гэвч энэ нь нөгөө талдаа хичээлийн ачаалал нэмэгдэх, амралтын цаг багасах, сэтгэл зүйн дарамт үүсэх эрсдэл дагуулж байгааг дурдсан байна.
Судалгаагаар инфляцын өсөлт оюутнуудын өдөр тутмын зайлшгүй хэрэглээний бараа, үйлчилгээний үнэд хамгийн хүчтэй нөлөөлж байгааг тогтоожээ. Оюутнуудын сарын дундаж зардлыг авч үзвэл зөвхөн хоол хүнсэнд 500-700 мянган төгрөг зарцуулж байгаа бол дотуур байрны төлбөр 70-100 мянган төгрөг, ном бичиг хэрэгт 40-60 мянган төгрөг, интернэт болон дата багцад 35-50 мянган төгрөг, унаанд 10-30 мянган төгрөг зарцуулж байна. Судлаачдын үзэж байгаагаар хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт нь оюутнуудын амьдралд хамгийн хүчтэй дарамт болж байгаа бөгөөд байр түрээс, сургалтын хэрэглэгдэхүүн, интернэт зэрэг боловсролтой холбоотой үндсэн зардлууд мөн тогтмол өсөж байгаа нь санхүүгийн ачааллыг улам нэмэгдүүлж байгаа аж.
Судалгаанд өрхийн санхүүгийн дарамт нэмэгдэж байгааг мөн онцолсон байна. Инфляцын улмаас өрхийн нийт зардал өссөнөөр эцэг эх, асран хамгаалагчдын хүүхдэдээ үзүүлэх санхүүгийн дэмжлэг буурах хандлага ажиглагдаж байгаа бөгөөд зарим өрх илүү их орлого олохын тулд уртасгасан цагаар ажиллах шаардлагатай болж байгааг дурджээ. Үүний улмаас гэр бүлийн сэтгэл зүйн дарамт нэмэгдэх, хүүхдэдээ зориулах цаг багасах зэрэг нийгмийн асуудал үүсэх эрсдэлтэйг судлаачид анхааруулсан байна.
Төрөөс хэрэгжүүлж буй бодлогын хувьд Монголбанкны тухай хуульд үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангахыг үндсэн зорилт гэж тодорхойлсон байдаг бөгөөд 2026 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд инфляцын зорилтот түвшнийг 5 хувь ±2 нэгж хувийн интервалтай байхаар тогтоосон байна. Гэвч МУИС-ийн оюутнуудын хийсэн судалгаанд оюутанд чиглэсэн инфляцын тусгай бодлого бараг байхгүй бөгөөд тэд макро эдийн засгийн бодлогын дам нөлөөнд хамгийн эмзэг бүлгийн нэг хэвээр байгааг онцолжээ.
МУИС-ийн оюутнуудын хийсэн энэхүү бичил судалгааны үр дүнгээс харахад инфляц нь зөвхөн эдийн засгийн үзүүлэлт бус боловсролын хүртээмж, нийгмийн тэгш байдал, залуусын амьдралын чанарт шууд нөлөөлж буй нийгмийн томоохон асуудал болж байгааг харуулж байна. Судлаачдын үзэж байгаагаар инфляцын өсөлт урт хугацаанд үргэлжилбэл оюутнуудын худалдан авах чадвар улам буурч, сургуулиас завсардах эрсдэл нэмэгдэх, хөдөлмөр эрхлэлтийн дарамт нэмэгдэх, боловсрол эзэмших боломж хумигдах нөхцөл үүсэх магадлалтай байгаа аж.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм







