Орон нутаг болон нийслэлийн хэмжээнд өнгөрсөн хоногт байшин, өвөлжөө шатсан хэд хэдэн дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Хирвэстэг” гэх газарт байшин шатаж байна гэсэн дуудлага 10:38 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Хатгал тосгон дахь Онцгой байдлын 69 дүгээр ангийн алба хаагчид ажиллахад иргэн Б-ын 5х5 метрийн хэмжээтэй дүнзэн байшин эд зүйлсийн хамт бүрэн шатсан байсныг унтраажээ.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжийн хангай багт 16:22 цагт байшин шатаж байна гэсэн дуудлага бүртгэгдсэн байна. Аврагчдыг очиход иргэн Б-ийн 9х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан байна.
Түүнчлэн Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн “Бүрэнтолгой” гэх газарт өвөлжөө шатаж байна гэсэн дуудлага 19:04 цагт иржээ. Онцгой байдлын алба хаагчид очиход иргэн Б-ийн өвөлжөөн доторх 10х8 метрийн хэмжээтэй ухсан нүхэнд хог шатаж байсныг унтраасан байна.
Харин нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байшингийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлага 22:30 цагт бүртгэгджээ. Аврагчдыг очиход иргэн Б-ын 4х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтрааж, утаажилтын бүсээс гурван иргэнийг аюулгүй газарт гаргасан байна.
Онцгой байдлын байгууллагаас галын аюулгүй байдлаа хангаж, ил задгай хог шатаахгүй байхыг иргэдэд анхаарууллаа.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм







