Их хэмжээний цас, бороо орж, цасан шуурга шуурсны улмаас зарим чиглэлийн зам, даваа хаагдаж, иргэдийн зорчих хөдөлгөөнд хүндрэл үүсээд байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Увс аймгийн Засаг дарга Э.Насанбат цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн газруудад ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
Тухайлбал, Улаангом–Наранбулаг чиглэлийн Тошилтын даваа, Зостын хөтөл орчмоор цас ихээр орсны улмаас зам хаагдаж, зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна. Зам гаргах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ковш болон “АЗЗА” компанийн хоёр авто грейдер ажиллав.
Мөн аймгийн Онцгой байдлын газарт Өмнөговь сумын Орлого багийн гурван айлын мал уруудаж, Шар бүрдийн нуурт орсон гэх дуудлага, мэдээлэл иржээ.
Үүний дагуу Онцгой байдлын газрын алба хаагчид нуурын усанд орсон малыг татан гаргах, аврах ажиллагааг зохион байгуулж байна.
Урьдчилсан байдлаар 50 орчим мал нуурын усанд орсон талаар Увс аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.





|
Эх сурвалж
| Увс аймгийн засаг даргын тамгын газар
|
АДМИН







Нийгэм






