Dark Light
Нийгэм | 2026-05-22

“ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДЛЫГ УЛААНБААТАР ХОТТОЙ ТӨМӨР ЗАМААР ХОЛБОНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.05.22) Япон Улсын “Oriental Consultants Global” групп компанийн төмөр замын судалгааны багийн төлөөлөгчдийг дахин хүлээн авч уулзлаа.
Уулзалтад тус компанийн төмөр замын төлөвлөлтийн инженер, багийн ахлагч Шимизү Такаши, багийн дэд ахлагч бөгөөд рельс, өртөөний төлөвлөлтийн инженер Урамото Шохэй, төслийн бэлтгэл ажил хариуцсан инженер Б.Доржханд нар оролцлоо.
Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг Улаанбаатар хоттой төмөр замаар холбох төслийн хөгжлийн төлөвлөлт, бэлтгэл судалгааны ажлын хүрээнд хоёр дахь уулзалтаа хийж байгаа бөгөөд энэ үеэр 2022-2024 онд Монгол Улсад судлагдсан LRT болон трамвай төслүүдийн харьцуулсан судалгаа, техник, эдийн засгийн үндэслэл, кадастр болон трассын төлөвлөлтийн талаар санал солилцлоо.
Мөн Улаанбаатар хот орчимд MRT (Mass Rapid Transit) төслийг хэрэгжүүлэх боломж, талбайн нөхцөл байдал, байгаль орчны судалгаа, бодит нөхцөлд нийцсэн шийдлүүдийг хэлэлцлээ.
Түүнчлэн MRT төслийн I үе шатанд хэрэгжүүлэх ажлууд, газар чөлөөлөлт, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой эрсдэл, трассын хүндрэлтэй хэсгүүд, бүсчлэлийн асуудлыг хөндөн ярилцлаа.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэ үеэр төслийн төсөв зардлын тооцооллыг илүү нарийвчлан боловсруулах, иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, цаг хугацаа хэмнэсэн, хүртээмжтэй, түргэн шуурхай тээврийн үйлчилгээг бий болгоход онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Мөн автозамын тээврээс төмөр замын тээвэрт шилжих сонголтын давуу тал, шинэ нисэх буудлаас зорчих иргэдийн аюулгүй байдал, цаг хугацаа болон зардал хэмнэх боломжууд, зорчигч урсгалын тооцоолол, хөдлөх бүрэлдэхүүний судалгаа, төслийн эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нарийвчлан тооцсон суурь судалгааг илүү боловсронгуй болгох шаардлагатайг тэмдэглэн хэллээ.
Төслийн багийнхан нэмэлт судалгааг хийсний дараа салбарын сайд болон төмөр замын мэргэжилтнүүдтэй дахин уулзахаар тогтов.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10