Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэл, үүргийн дагуу Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хэмжээнд хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, салбарын хэмжээнд тулгарч буй эрсдэлийг урьдчилан илрүүлж, таслан зогсооход чиглэсэн “Цэргийн албыг эрсдэлээс чөлөөлье” цогц реформыг албан ёсоор эхлүүлж байна.
Батлан хамгаалахын сайд Д.Батлут /2026.05.22/ Баянхонгор аймгийн Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид ажиллах үеэрээ Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний харьяа газар, төрөл мэргэжлийн цэргийн командлал, нэгжүүдийн удирдлагуудтай шуурхай цахим хурал хийлээ.
Хуралдаанаар үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан хяналт шалгалтыг дотооддоо нэн даруй зохион байгуулах, үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг Зэвсэгт хүчний нийт анги, байгууллагуудын хэмжээнд шуурхай авч хэрэгжүүлэхийг үүрэг болгов.
Үүссэн нөхцөл байдалд Батлан хамгаалах салбар эрх зүй, удирдлага зохион байгуулалт болон технологийн шинэчлэлийг уялдуулан, эрсдэлээс чөлөөлөх реформын хүрээнд дараах стратегийн өөрчлөлтүүдийг нэвтрүүлж байна.
1. Хариуцлагын тогтолцоо: “Тэг хүлцэл” (Zero Tolerance) бодлого
Цэргийн албаны сахилга бат, дүрмийн бус харилцааны зөрчилд хариуцлагыг дээд цэгт нь хүргэж өндөржүүлнэ. Анги, байгууллагад дүрмийн бус харилцаа үүссэн, эсвэл түүнийг нуун дарагдуулсан нь тогтоогдсон удирдах албан тушаалтнуудад шууд хариуцлага тооцон, цэргийн цолыг бууруулж, Зэвсэгт хүчний эгнээгээс бүрмөсөн чөлөөлөх хууль эрх зүйн хатуу зарчмыг хэрэгжүүлнэ.
2. Хяналтын систем: Хөндлөнгийн давхар стандартыг нэвтрүүлнэ
Орон нутаг дахь ангиудын дотоод хяналтын камерын системийг тухайн ангийн удирдлагаас хараат бус болгоно. Бүх ангиудын хяналтын камерыг Зэвсэгт хүчний Жанжин штабын (ЗХЖШ) Нэгдсэн төвөөс 24 цагийн турш онлайнаар давхар хянадаг нэгдсэн системд шилжүүлэхээр боллоо.
3. Технологийн шинэчлэлийг хийнэ
Мөн хүний эрхийн шаардлагаар камер суурилуулах боломжгүй ариун цэврийн өрөө, усанд орох газруудад чанга яригч, яаралтай тусламж дуудах “Онцгой товчлуур”-ыг байршуулан, хугацаат цэргүүд аюулгүй байдлаа шууд хамгаалах боломжийг бүрдүүлнэ.
4. Дээд шатны хяналтын байгууллагад гомдол мэдээллээ нууцлалтайгаар шууд гаргах боломжтой болно
Инновац, технологид суурилсан хяналтын шинэ аргыг нэвтрүүлж, хугацаат цэргийн алба хаагчид ангийн удирдлагаас хараат бусаар дээд шатны хяналтын байгууллагад гомдол, мэдээллийг шууд, нууцлалтайгаар хүргэх "Цэргийн бамбай" тусгай аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлэхээр ЦХИХХЯ-тай хамтран ажиллана.
5. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж, эрсдэлийг урьдчилж илрүүлнэ
Гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор Батлан хамгаалахын сайд болон ЗХЖШ-ын даргын удирдамж бүхий гэнэтийн, төлөвлөгөөт бус шалгалтуудыг тогтмолжуулж, цэргийн ангиудын бэлэн байдал, дотоод уур амьсгалыг газар дээр нь тасралтгүй хянана.
6. Хүний нөөцийн сонгон шалгаруулалт: EQ буюу Сэтгэл зүйн нарийн шалгуурыг явуулна
Удирдах бүрэлдэхүүн болон цэргийн алба хаагчдыг зөвхөн мэдлэг, ур чадвараар (IQ) бус сэтгэл хөдлөлөө удирдах чадвараар (EQ) үнэлдэг систем рүү шилжинэ. Салаа, суман, ангийн даргаар томилогдох офицер, ахлагч нар болон хугацаат цэргийн албанд татагдаж буй залуучуудын дунд "Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар" болон "Түрэмгий зан үйлийг тодорхойлох" нарийн тестийг заавал авдаг тогтолцоог бүрдүүлнэ. Сэтгэл зүйн шалгуурт тэнцээгүй, түрэмгий зан авиртай алба хаагчийг бие бүрэлдэхүүн удирдах албан тушаалд томилохыг бүрмөсөн хориглов.
7. Нээлттэй байдал: Иргэний нийгмийн хөндлөнгийн хяналт
Зэвсэгт хүчний хаалттай байдлыг халж, нийгэмд итгэлцэл бий болгох зорилгоор Хүний эрхийн үндэсний комисс, иргэний нийгмийн байгууллагууд болон эцэг эхийн төлөөлөлтэй хамтран ажиллах Хөндлөнгийн хяналтын тогтолцоог нэвтрүүлж байна.
Мөн өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн Сэтгэлзүйн хөдөлгөөнт бүлэг, Хүний эрхийн сургагч багш нарын сургалтын үр дүнд үндэслэж, давтамж, хамрах хүрээг нэмэгдүүлэн ажиллахаар болов.
Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний журамт үүргээ биелүүлж буй залуучуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахыг салбарын хамгийн эхний бөгөөд тулгуур зорилт болгон ажиллаж байна.
Энэхүү цогц реформ нь цэргийн албыг эрсдэлгүй, олон нийтэд нээлттэй, хүний эрхийг дээдэлсэн орчин болгон өөрчлөхөд чиглэсэн гэж Батлан хамгаалахын сайд Д.Батлут танилцуулгын үеэр онцоллоо.
АДМИН







Нийгэм






