Dark Light
Нийгэм | 2026-05-24

ЕРӨНХИЙЛӨГЧ ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРЫН ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ УУЛЗЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа. Уулзалтад УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх Т.Энхтүвшин, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай, “МИАТ” ТӨХК-ийн захирал Т.Тэлмэн, “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Цэнгүүнжав тэргүүтэй төлөөлөгчид болон иргэний нисэхийн салбарын 600 гаруй төлөөлөл оролцлоо.

Ерөнхийлөгч "Мөнх хөх тэнгэртээ дүүлэн нисэж, нислэгийн аюулгүй найдвартай байдлыг хангах хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж байгаа иргэний нисэхийн нийт ажилтан, албан хаагчид та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. Мөн “МИАТ” ТӨХК байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Өөрийн орны ард иргэд болон олон улсын зорчигчдод агаарын орон зайд чөлөөтэй зорчих эрхийг эдлүүлж, агаарын шуудан, ачаа тээврийг богино хугацаанд зорилтот газарт нь хүргэх хариуцлагатай үүргийг нэр төртэйгөөр биелүүлж, эх орныхоо хөгжил дэвшил, агаарын тээврийн үйл хэрэгт оруулсан үнэтэй хувь нэмрийг өндрөөр үнэлэн Монголын иргэний агаарын тээврийн “МИАТ” ТӨХК-ийг Төрийн дээд шагнал “Сүхбаатар одон”-гоор шагнан алдаршуулж байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Үүнийхээ дараа сүүлийн жилүүдэд хийсэн ажил, үндэсний хэмжээнд өрнүүлж байгаа хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, ярилцлаа. Тэрбээр цаашид төр, засаг, түмэн олноороо ололт, амжилтаа бататган, хүн бүр ажил хөдөлмөр эрхэлж, эвийг эрхэмлэн, улс орноо хөгжүүлэхийн төлөө хамтран зүтгэхийг уриаллаа.

Энэ үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан иргэний нисэхийн салбарын төлөөлөлтэй уулзаж байгаа Ерөнхийлөгчид талархал илэрхийлээд, өнөөдөр баяраа тэмдэглэж буй Үндэсний агаарын анхдагч тээвэрлэгч, нисэхийн салбарын тэргүүлэгч “МОНГОЛЫН ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВЭР” ТӨХК-ийн хамт олонд түүхт 70 жилийн ойн баярын мэндийг дэвшүүллээ.

Тэрбээр “Бид сүүлийн жилүүдэд агаарын харилцааг өргөжүүлэх, нисэхийн аюулгүй байдал, үйлчилгээний чанар хүртээмжийг олон улсын жишигт нийцүүлэх, эрх зүйн орчныг сайжруулахад тодорхой ахиц дэвшил гаргаж чадлаа. “МИАТ” компани нь зөвхөн зорчигч тээвэрлэлтээр хязгаарлагдахгүйгээр ачаа тээврийн үйлчилгээг хөгжүүлж, дотоод болон олон улсын худалдаа, логистикийн урсгалыг дэмжихэд хувь нэмэр оруулсаар ирсэн билээ. Ингэснээр Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцаа, худалдааны сүлжээний хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад харилцааг өргөжүүлж,  "гуравдагч хөрш"-ийн болон олон тулгуурт гадаад бодлогыг идэвхтэй хэрэгжүүлсний үр дүнд бид дэлхийн 51 улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулаад байна.

Түүнчлэн Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллагын иргэний нисэхийн аюулгүй байдлын бүрэн хэмжээний аудит шалгалтад 16 жилийн дараа хамрагдаж, урьдчилсан байдлаар 74.9%-ийн үнэлгээг авч, дэлхийн болон Ази, Номхон далайн бүсийн орнуудын дундаж үнэлгээнээс дээгүүр үзүүлэлттэй дүгнэгдлээ.

Энэ нь манай улсын иргэний нисэхийн аюулгүй байдлын түвшин дэлхийн жишигт хүрснийг илэрхийлж байна гэж үзэж байна” хэмээн бахархан өгүүлэв.

Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газар Зам, тээврийн яам болоод Иргэний нисэхийн ерөнхий газарт “Эзэн Богд Чингис хааны эш хөрөг”-ийг ёслол хүндэтгэлтэйгээр гардуулан өгч, салбартаа үнэлэгдсэн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон, медалиар шагналаа.

Иргэний агаарын тээврийн салбарын хэмжээнд Олон улсын чиглэлд 2,0 сая зорчигч, Орон нутгийн чиглэлд 450 мянга зорчигч буюу 2025 онд нийт 2 сая 450 мянга зорчигч тээвэрлэсэн үзүүлэлттэй байгаа нь 2024 онтой харьцуулахад 13%-иар, цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 51%-аар тус тус өссөн үзүүлэлттэй байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10