Dark Light
Нийгэм | 2026-05-25

“СЭРҮҮН САЙХАН ХАНГАЙ” УРТЫН ДУУНЫ УЛСЫН II УРАЛДААН БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол ардын уртын дууны өв соёлыг хадгалан хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, залуу уран бүтээлчдийг дэмжих, орон нутагт соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “СЭРҮҮН САЙХАН ХАНГАЙ” уртын дууны улсын уралдааныг “СЭРҮҮН САЙХАН ХАНГАЙ” НҮТББ- аас санаачлан Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 2 дахь удаагаа зохион байгуулахаар ажиллаж байна.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын зүгээс соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэл, 21 аймгийн соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагуудаар дамжуулан оролцоог хангаж тус уралдааныг санаачлан зохион байгуулагчдад бодлогын дэмжлэг үзүүлэн ажилладаг.
“СЭРҮҮН САЙХАН ХАНГАЙ” уртын дууны улсын II уралдаан 2026 оны 06 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Жаргалант суманд зохион байгуулагдах бөгөөд уралдааны бүртгэл 2026 оны 05 дугаар сарын 20-ноос 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл явагдана.
Уралдаанд оролцогчдод зориулан Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Жаргалант сум хүртэл автобусаар үйлчлэх бөгөөд оролцогчдыг байр, хоол, унаагаар ханган ажиллах юм.
Мөн тус наадмын хүрээнд соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор:
  • Дээлтэй Монгол өдөрлөг
  • 1200 хүүхдийн жигдэрсэн үндэсний бүжиг
  • Сарлагийн уралдаан
  • Хурдан морины уралдаан
  • Үндэсний бөхийн барилдаан
  • Гар урлал, өв соёлын үзэсгэлэн зэрэг үндэсний өв соёлыг сурталчилсан олон арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.
“СЭРҮҮН САЙХАН ХАНГАЙ” улсын уралдаан нь Монголын уртын дууны өв соёлыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлэн уламжлуулах, орон нутгийн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн томоохон арга хэмжээ болдгоороо онцлог юм.
Уралдаанд бүртгүүлэх холбоос: https://forms.gle/YgLVSEv7ReFVUjT96

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10