Монгол Улсын ховор амьтдын жагсаалтад багтсан хүрэн баавгай Тэшиг сумын Дулаан хан уулын орчимд мал руу дайрах тохиолдол удаа дараа бүртгэгдэж байгаатай холбогдуулан “Хүрэн баавгайтай холбоотой эрсдэлээс сэргийлэх” ажлын хэсэг Булган Тэшиг сумын удирдлагуудтай хамтран хуралдаж, нөхцөл байдалд үнэлгээ хийлээ.
Хурлаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах нэн шаардлагатай зөвлөмжүүдийг гаргав. Үүнд:
- Сумаас ажлын хэсгийг газар дээр нь томилон ажиллуулах;
- Аймаг, сумын ажлын хэсгүүдэд нөхцөл байдлын талаарх мэдээллийг шуурхай хүргэх;
- Эрсдэлт бүс нутагт амьдарч буй иргэдэд зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч, бэлтгэл байдлыг хангах;
- Эрсдэлд өртсөн малчин өрхүүдийг тухайн бүс нутгаас түр хугацаанд холдуулан нүүлгэн шилжүүлэх;
- Бүс нутгаас нүүх боломжгүй тохиолдолд айл өрхүүдийг нэг дор төвлөрүүлэн буулгах;
- Орой, үдшийн цагаар гэрэл, гал гаргах, дуу чимээ үүсгэх зорилгоор май тавих, буу тавих, цахилгаан хөрөө асаах, дуут дохио ажиллуулах зэрэг арга хэмжээ авах;
- Машин, мотоцикл, гар утас болон техник хэрэгслийн бүрэн бүтэн, бэлэн байдлыг хангах;
- Малын бэлчээр болон гэрийн ойролцоох мал амьтны сэг зэмийг холдуулан устгах;
- Эрсдэлтэй бүсэд хүүхэд, эмэгтэйчүүдийг хараа хяналтгүйгээр малд явуулахгүй байх;
- Уламжлалт зан үйл, домын аргаар хамгаалах арга хэмжээ авах;
- Дизель түлшний үнэр ашиглан баавгай үргээх арга хэмжээ турших;
- Суманд байрлах цэргийн ангитай хамтран ажиллаж, хүч хэрэгсэл болон техник тоног төхөөрөмжийн дэмжлэг авах;
- Эрсдэлт бүсэд амьдарч буй иргэд, малчдад танилцуулга, зөвлөмж, сэрэмжлүүлэг тогтмол тарааж ажиллах зэрэг ажлуудыг зохион байгуулахаар боллоо.
Иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, зэрлэг амьтан илэрсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагад яаралтай мэдээлэхийг анхааруулж байна.
|
Эх сурвалж
| Булган аймгийн Засаг даргын Тамгын газар
|
АДМИН







Нийгэм







