Нийслэлийн прокурорын газраас 2026 оны 5 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргээс тоймлон хүргэж байна.
- Х.Д нь ... аймгийн ... сумын төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Төрийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулдаг, мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтад зохих журмын дагуу хамрагдалгүй, шалгалтад тэнцсэн мэтээр гэрчилгээг гаргуулан авч, улмаар худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж, өөртөө давуу байдал бий болгохын тулд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэнд хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд;
- Д.Ө нь ... дүүргийн тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж, захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын шийдвэргүйгээр өөртөө 8 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгох тушаал гаргаж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон, мөн Г.Ш-ийг авто баазад жолоочоор томилж, 2025 оны 5 дугаар сараас 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаагүй байхад нь 21 сая төгрөгийн цалин олгож, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
- А.Ж нь ... амаржих газрын даргаар ажиллаж байхдаа Удирдах зөвлөлийн 2018.10.09-ний өдрийн №15 хуралд “харьяаллын бус төрсөн эхчүүдээс тус бүр 150,000 төгрөгийн төлбөр авч, байгууллагын 60 жилийн ойд зарцуулах” саналыг гарган дэмжүүлж, улмаар 2018-2021 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд харьяаллын бусаар төрөх эхчүүдээс өргөдөл, хүсэлт гаргуулан 150,000 төгрөгийн төлбөр авах хууль бус үүргийг бусдад өгч, нийт 65 сая төгрөгийг төвлөрүүлэн бэлнээр хүлээн авч, өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
|
Эх сурвалж
| УЕПГ
|
АДМИН








Нийгэм







