Dark Light
Нийгэм | 2026-05-27

COP17-Д ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир  /2026.05.26/ НҮБ-ын Хүүхдийн сан /UNICEF/-гийн Монгол дахь Суурин төлөөлөгч Беате Дастелтэй уулзаж, уур амьсгалын өөрчлөлт, усны нөөцийн хамгаалал хүүхэд залуучуудын оролцоо болон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын /COP17/ бэлтгэл, зохион байгуулалтын хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Беате Дастел Монгол Улсын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарт өрнөж буй ажлууд, ялангуяа COP17-ын бэлтгэлд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам манлайлан ажиллаж буйд талархал илэрхийлж, тус хурлын хүрээнд хүүхэд, залуучуудын оролцоог хангах, ус, ариун цэвэр, эрүүл ахуй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй шийдлүүдийг олон улсад танилцуулах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр Монгол Улсад хэрэгжүүлж буй НҮБ-ын Хүүхдийн сангийн ус, ариун цэвэр, эрүүл ахуй, уур амьсгалын өөрчлөлт болон сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн хөтөлбөрүүд нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг хүүхдэд чиглэсэн байгууллагуудын түвшинд бодит үр дүн гаргаж байгааг онцлов. Мөн COP17-ын Усны өдөрт сэдэвчилсэн зэрэгцээ арга хэмжээг хамтран зохион байгуулах, усны нөөцийн хамгаалал, голын татмын нөхөн сэргээлт, “Усыг бүгдэд - Хүүхэд бүрт эрүүл ус” санаачилгын хүрээнд хамтран ажиллах санал дэвшүүлснийг салбар яамны зүгээс дэмжиж байгаагаа илэрхийллээ.

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир Монгол Улсад хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдийн уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, аюулгүй, эрүүл орчин бүрдүүлэх, ус, ариун цэвэр, боловсрол болон нийгмийн хамгааллын чиглэлээр НҮБ-ын Хүүхдийн сангийн оруулж буй хувь нэмэрт талархал илэрхийллээ.

Түүнчлэн НҮБ-ын Хүүхдийн сан Монгол Улсын 21 аймагт хүрч, орон нутгийн хэрэгцээнд суурилсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хамгийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгааг өндрөөр үнэллээ. Мөн цаашид хүүхэд, залуучуудын оролцоог хангах арга барил, орон нутгийн түвшний туршлагаас суралцаж хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд талууд COP17-ын бэлтгэл ажлыг дэмжих, хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, усны нөөцийн хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтэц, шинэлэг санхүүжилт болон орон нутгийн түвшний бодит шийдлүүдийг өргөжүүлэх чиглэлээр цаашид хамтран ажиллахаар санал нэгдэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10