Төв аймгийн Заамар суманд бага насны хүүхэд гүний цооногт унасан харамсалтай осол гарч, аврах ажиллагаа үргэлжилж байна.
Тухайн асуудлаар Шадар сайд Н.Номтойбаяр цахим хуудастаа:
"Ийм үед олон үг илүүц. Нэг хүүхдийн амь нас, нэг өрх гэрийн асуудал, бас нийгмийн хариуцлагын асуудал энд яригдаж байна.
Энэ бол нэг осол төдий гэж өнгөрөх асуудал биш. Хүүхдэд ийм эрсдэлтэй, аюултай орчин хаана, хэний хариуцлагын дор үлдсэн бэ гэдэг асуудлыг заавал ярина. Гэхдээ тэр нь аврах ажиллагааны дараах асуудал. Өнөөдөр бол хүүхдийн амь насыг аврах цаг.
Хүний амь нас, иргэдийн аюулгүй байдлын асуудалд хариуцлагагүй хандах орон зай байх ёсгүй. Ийм явдал дахин давтагдахгүй байхад дор бүрнээ анхаарах ёстой. Аюултай орчин, хамгаалалтгүй үлдсэн газар, ухсан талбай зэрэг хүний амь насанд эрсдэл учруулах нөхцөл бүрийг холбогдох байгууллагууд нэн даруй нягталж, бодит арга хэмжээ авна.
Түүнчлэн, өчигдөр гарсан гал түймэр, ослын мэдээнүүд бидэнд нэг зүйлийг тод сануулж байна. Онцгой байдлын албанд хийх ажил бага биш байна. Техник хэрэгтэй. Бэлтгэл хэрэгтэй. Алба хаагчдаа хамгаалах хэрэгтэй. Иргэдийн шүүмжлэлд бухимдах биш, сонсох ёстой. ОБЕГ-т олон улсын дэмжлэгтэй төсөл, техник туслалцааны ажлууд хэрэгжиж эхэлсэн. Гэхдээ төсөл гэдэг цаасан дээрээ биш, галын өмнө, ослын газар, хүний амь аврах тэр мөчид үр дүнгээ харуулах ёстой. Тиймээс эхэлсэн ажлуудыг бодит хэрэгцээтэй нь тулгаж, шаардлагатай арга хэмжээг хурдасгана." хэмээн нийтэлжээ.
АДМИН






Нийгэм






