Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөнийг 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр товлолоо.
Нийт шүүгчийн хуралдаанаар Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханаас ирүүлсэн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/, ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг багцлан боловсруулсанд санал авах” талаар танилцуулга болон Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн 2026 оны 01/844 дугаартай “Санал авах тухай” албан бичигтэй тус тус танилцах юм.
Мөн Монголын уламжлалын нэгдсэн намын даргаар Л.Өнөрбаяр сонгогдсоныг болон намын дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг бүртгүүлэх тухай өргөдөл, Эрх Чөлөөний Эвсэл нам (ЭЧЭН)-ын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдөл, Эх орончдын нэгдсэн нам (ЭОНН)-ын шинэчилсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдөл, Монголын ардчилсан хөдөлгөөний намын дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг бүртгүүлэх тухай өргөдөл, Монгол Консерватив нам (МКН)-ын даргаар Б.Сайнбаяр сонгогдсоныг болон намын шинэчилсэн дүрмийг бүртгүүлэх тухай өргөдөл, Монголын социал демократ намын дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцэнэ.
Түүнчлэн Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-ын 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Онц Их хурлаас баталсан намын дүрмийн өөрчлөлт (шинэчилсэн)-ийг болон намын даргаар Р.Батболд сонгогдсоныг бүртгүүлэх тухай өргөдөл, мөн тус намын 2026 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Ээлжит бус XIII Их хурлаас баталсан намын дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг бүртгүүлэх тухай өргөдлийг нэгтгэн хэлэлцэхээр болов.
Шүүгчдийн зөвлөгөөнөөр Улсын дээд шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг томилох журамд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцэхээр тогтлоо.
|
Эх сурвалж
| Улсын дээд шүүх
|
АДМИН







Нийгэм






