Цагдаагийн байгууллагад 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Автомашинд хүүхэд мөргүүлчихлээ” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Шалгалтын явцад “Toyota Prius” маркийн тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явахдаа явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан 7 настай явган зорчигчийг мөргөж, гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдож, уг хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.5 дахь хэсэгт “Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа (энэ дүрмийн 5.4-т заасны дагуу жагсаалаар авч яваагаас бусад тохиолдолд) өөрөөсөө салгахгүй /хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт/ авч явна” гэж заасан байдаг.
Иймд эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, замын хөдөлгөөнд оролцуулахдаа заавал хамт байж, аюулгүй байдлыг нь хангахыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Мөн жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал, болгоомжтой байж, явган хүний гарц, сургууль, цэцэрлэг орчмын бүс болон орон сууцны хорооллын доторх замд хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцож, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.
АДМИН








Нийгэм







