Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Эйч эс Эйч эс ХХК, Атилла гоулд ХХК, Ирмүүн босго ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Усны тухай хууль, Хог хаягдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн нь тогтоогдлоо.
Шалгалтаар дараах зөрчил, дутагдлууд илэрсэн байна. Үүнд:
- Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тодотгол хийлгээгүй;
- Тухайн жилийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй;
- Ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөл аваагүй, гэрээ байгуулаагүй;
- Хаягдал усыг зохих зөвшөөрөлгүйгээр байгаль орчинд нийлүүлсэн;
- Аюултай хог хаягдлыг эрх бүхий байгууллагад шилжүүлээгүй, эх үүсвэр дээр нь хадгалсан;
- Үйл ажиллагаандаа дотоод хяналтын тогтолцоог хэрэгжүүлээгүй.
Илэрсэн зөрчил, дутагдалд үндэслэн дээрх аж ахуйн нэгжүүдийн техник, тоног төхөөрөмжийг лацдан, үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоолоо.
Мөн зөрчлийн үр дагаврыг арилгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор холбогдох хяналт шалгалтын байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулна.
Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн тавьсан лацыг хөндөх, эсхүл хууль бусаар тоног төхөөрөмж ажиллуулсан тохиолдолд тухайн компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг аж ахуйн нэгжүүдийн удирдлага, эрх бүхий албан тушаалтнуудад анхаарууллаа.
Төв аймгийн нутаг дэвсгэрт хийгдэж буй байгаль орчны хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.
|
Эх сурвалж
| Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
|
АДМИН







Нийгэм






