Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны ахалсан ажлын хэсэг Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн аж ахуйн нэгжүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийж байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу хэрэгжүүлж буй энэхүү хяналт шалгалтын хүрээнд уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны багц хууль тогтоомжийн хэрэгжилт, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлын явц, уурхайн ашиглалтын улмаас эвдэрч орхигдсон талбай, ил задгай цооногийн нөхцөл байдалд газар дээр нь үнэлгээ хийж байна.
Мөн орхигдсон талбай, ил задгай цооногийг аюулгүй болгох, нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх чиглэлээр аж ахуйн нэгжүүдэд үүрэг, зөвлөмж өгч, шаардлагатай арга хэмжээг газар дээр нь авч хэрэгжүүлж байгаа юм.
Шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдалд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахын зэрэгцээ байгаль орчны өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатай хэрэгжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг үр дүнтэй зохион байгуулж буй сайн туршлагуудыг онцлон ажиллаж байна.
Тухайлбал, “Монполимет” ХХК, “Заамар Өгөөмөр хайрхан” ХХК, “Топ ган дриллинг” ХХК, “Хаанбулаг интернэшнл” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж, эвдэрсэн газрыг үе шаттайгаар сэргээжээ.
Хяналт шалгалт нь зөвхөн зөрчил илрүүлэх бус, хууль тогтоомжоо мөрдөн ажиллаж, байгаль орчны өмнө хүлээсэн үүргээ биелүүлж буй аж ахуйн нэгжүүдийг дэмжих, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байна.
Мөн хяналт шалгалтын үр дүнд эрсдэлийн үнэлгээгээр бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн аж ахуйн нэгжүүд төлөвлөгөөт хяналт шалгалтын давтамжаас чөлөөлөгдөх боломж бүрдэх бөгөөд энэ нь байгаль орчны хариуцлагатай менежментийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
АДМИН







Нийгэм






