2026 оны Henley Passport Index-ийн шинэчилсэн тайлангаар дэлхийн улс орнуудын паспортын чансаа болон иргэдийнх нь визгүй зорчих боломж дахин шинэчлэгдлээ. Энэхүү жагсаалтыг Сингапур улс тэргүүлж, иргэд нь дэлхийн 192 чиглэлд урьдчилан виз авалгүйгээр зорчих боломжтойгоор дэлхийн хамгийн хүчирхэг паспортоор тодорч байна.
Түүний араас Япон, Өмнөд Солонгос болон Арабын Нэгдсэн Эмират улсууд удаалж байгаа бөгөөд эдгээр орнуудын иргэд 188 чиглэлд визгүй зорчдог. Мөн Дани, Финланд, Франц, Герман, Испани, Итали зэрэг Европын Холбооны тэргүүлэгч орнууд 186-аас 187 улсад визгүй зорчих эрхтэйгээр жагсаалтын гуравдугаар байрт эрэмбэлэгдээд байна. Харин АНУ-ын паспортын чансаа сүүлийн жилүүдэд байр ухарч, 180 чиглэлд визгүй зорчих боломжтойгоор 10-р байранд бичигджээ.
Тэгвэл Монгол Улсын иргэдийн хувьд дэлхийн 64 орон руу визгүй эсвэл очихдоо виз авах нөхцөлтэйгээр зорчиж байгаа бөгөөд тус жагсаалтын 70-р байранд эрэмбэлэгдэж байна. Жагсаалтын хамгийн сүүл буюу 22 чиглэлд визгүй зорчих эрхтэйгээр Афганистан улс бичигдсэн бол Сири, Ирак, Йемен, Сомали зэрэг геополитикийн болон аюулгүй байдлын эрсдэлтэй орнууд арын эгнээнд оржээ.
Паспортын хүчин чадал болон визгүй зорчих боломж нь тухайн улсын гадаад харилцааны итгэлцэл, эдийн засгийн чадамж, иргэдийн аюулгүй байдал, цагаачлалын эрсдэл зэрэг олон талт үзүүлэлтээс шууд хамаардаг байна.








Нийгэм





