"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын эзэмшил газар буюу төв хэсгийн 1.8 га талбайд 2022 онд Уул уурхайн салбарын 100 жилийн ойн хүрээнд "Уурхайчдын нэрэмжит талбай"-н тохижилт, ногоон байгууламжийн ажлыг эхлүүлж, хашаа татсан байдаг.
Гэвч тухайн ажлыг санаачлан хариуцаж эхлүүлсэн Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ) болон гүйцэтгэгч "Евро Ази Констракшн" ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ одоог хүртэл гүйцэтгэхгүй байсаар өнөөг хүрчээ.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаанаас захиалагч, гүйцэтгэгч болон оролцогч байгууллагуудтай удаа дараа уулзаж, албан ёсоор хандсан боловч дорвитой үр дүн гарахгүй, ажил тодорхойгүй хугацаагаар зогсоод байна.
Тохижилт хийхээр төлөвлөсөн тус талбай нь сүүлийн 4 жилийн турш барилгын ажил нь гацсан байдалтай байгаа юм. Ингэснээр:
-
Нийслэлийн иргэдийн амарч, зугаалах орчин болон паркийн өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж,
-
Орчны байгаль экологийг сүйтгэхийн зэрэгцээ,
-
Улаанбаатар хотын иргэдийн ундны усны эх үүсвэр, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэхүйц эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгээд байна.
Иймд "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын зүгээс байгууллагын хууль ёсны эрх, ашиг сонирхол болон иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах зорилгоор холбогдох хууль тогтоомжийн дагуу шаталсан арга хэмжээ авахаар болсноо албан ёсоор мэдэгдлээ.







Нийгэм





