Төрийн тахилгат Хөвсгөл нуурыг тахих төрийн ёслолыг угтан "Чөчү" хайрханы оройд уламжлалт хийц бүхий 13 овоог босгосон байна. Овоог 2026 оны 6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 5-ны өдрүүдэд байгуулж, 34 алба хаагч, 11 нэгж техник оролцон байгалийн ургаа хад чулууг ашиглан нэг эх овоо, 12 дагавар овоог уламжлалт хэлбэрээр босгов.
Байгуулагдсан овоодыг Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдийн лам нар Монголын шашин, зан үйлийн уламжлалт ёс жаягийн дагуу сүншиглэсэн бөгөөд энэхүү овоо нь Төрийн тахилгат Хөвсгөл далай ээжийг тахин шүтэх уламжлалыг хадгалан хөгжүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах үзлийг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
"Чөчү" хайрханы оргилоос Хөвсгөл нуур бүхэлдээ алган дээр тавьсан мэт тольдон харагддаг онцлогтой. Иймээс энэхүү 13 овоо нь иргэд, сүсэгтэн олон, дотоод, гадаадын аялагч жуулчид Хөвсгөл далай ээждээ сүслэн залбирч, хойч үедээ байгаль хамгаалах өв уламжлал, үнэт зүйлээ өвлүүлэн үлдээх бэлгэдэлт шүтээн болон мөнхөрч байна.
Уг ажлыг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид, Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдийн лам хуврагууд хамтран босгосон бөгөөд төр, шашин, иргэдийн хамтын оролцооны үр дүнд бүтсэн энэхүү 13 овоо нь Хөвсгөл далай ээжийг хүндэтгэн дээдлэх шинэ бэлгэдэлт дурсгалын нэг болж байна








Нийгэм





