Dark Light
Нийгэм | 2026-07-24

ДЭЛХИЙН ӨВИЙН ХОРООНЫ ЧУУЛГАНД АНХ УДААГАА ГИШҮҮНЭЭР ОРОЛЦОЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотноо 2026 оны 7 дугаар сарын 19-29-ний өдрүүдэд болж байна.
Монгол Улс 2025 оны 11 дүгээр сард Дэлхийн өвийн хорооны гишүүнээр 2025-2029 оны хугацаанд ажиллахаар сонгогдсон ба энэ удаагийн чуулганд анх удаагаа Хорооны гишүүний зүгээс оролцож байна.
Дэлхийн өвийн хороо нь ЮНЕСКО-ийн Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцын хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий Засгийн газар хоорондын хороо юм. Тус хороо нь Дэлхийн өвийн жагсаалтад өв бүртгэх, жагсаалтаас хасах, бүртгэгдсэн өвийн хадгалалт, хамгаалалтын төлөв байдлыг хэлэлцэх, мөн Дэлхийн өвийн сангийн зарцуулалттай холбоотой шийдвэрүүдийг гаргадаг.
Энэ удаагийн чуулганаар Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлтэй 147 өвийн хадгалалт, хамгаалалтын төлөв байдлын тайлан, 33 шинэ нэр дэвшүүлсэн өвийн баримт бичиг, түүнчлэн Дэлхийн өвийн конвенцын хэрэгжилт, Хорооны бодлого, үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Мөн Монгол Улсаас Дэлхийн өвийн жагсаалтад соёлын ангиллаар нэр дэвшүүлсэн “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэх тухай шийдвэрийн төслийг хэлэлцэн батлахаар төлөвлөж байна.
Чуулганаар Монгол Улсын төлөөлөгчид Дэлхийн өвийн хорооны гишүүн улс орнууд, ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн төв болон зөвлөх байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, Дэлхийн өвийг хамгаалах чиглэлээрх хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар идэвхитэй санал солилцоно.
Чуулганд конвенцын 196 гишүүн улсын 3,000 гаруй төр, засгийн төлөөлөгч, эрдэмтэн, судлаач, олон улсын болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16