Dark Light
Нийгэм | 2026-07-24

ЭРХЭЭ ХАСУУЛСАН ҮЕДЭЭ СОГТУУГААР ЖОЛОО БАРЬСАН 293 ХҮНД ЯЛ ОНООВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн гаралт, шүүхээс оногдуулж буй ял, шийтгэлийн байдлыг 2026 оны эхний хагас жилийн байдлаар судалжээ.

Дээрх хугацаанд “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” 293 хүнд холбогдох хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 27 хувиар өссөн байна.

Гэмт хэрэг үйлдсэн нийт 293 хүнийг нас, хүйсийн  байдлаар нь авч үзвэл, 20 хүртэлх насны 8 буюу 2.7 хувь, 20-30 насны 91 буюу 31 хувь, 30-39 насны 107 буюу 36.5 хувь, 40-аас дээш насны хүн 87 буюу 29.6 хувийг эзэлж байх бөгөөд 92 хувь нь эрэгтэй байна.

Судалгааны дүнгээс үзэхэд “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” хэрэгт бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс зонхилон холбогджээ.

Үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 65.1 хувь нь Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт хамгийн их бүртгэгдсэн байна.

Анхан шатны шүүхээс 169 хүнд торгох, 30 хүнд хорих, 41 хүнд зорчих эрхийг хязгаарлах, 44 хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, 4 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэжээ. 

Судалгааны дүнгээс харахад дээрх төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдсан, шүүхээр шийтгэгдсэн хүний тоо улам өсөх хандлагатай байна. Тиймээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолооны ард суухгүй байж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг Тээврийн прокурорын газраас уриалж байна.


Эх сурвалж | УЕПГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16